БАРИМТ1
Би шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авахаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад “Шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээ хийгдсэн” гэж хэлсэн. Хохирлыг маань барагдуулна гэж хүлээсээр гурван жил өнгөрлөө. Шийдвэр гүйцэтгэгчээс учир байдлыг асуухаар “үйл ажиллагаа явагдаж байна” гэх юм. Баталгаажуулах арга хэмжээ гэдгийг ойлгохгүй байна хэмээн төлбөр авах ёстой хохирогч Д.О ярьжээ.
БАРИМТ2
Б.П нь 2021 онд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар дөрвөн сар 26 хоног зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлжээ. Энэ хугацаандаа замын хөдөлгөөнд оролцож, зам, тээврийн осол гарган, хүн дайрч, хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Түүнд 2022 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс дөрвөн сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эдлээгүй үлдсэн хоёр сар 23 хоног дээр нэмж, нэгтгэн зургаан сар 23 хоног зорчих эрхийг ньхязгаарлах ялшийтгэжээ.
Энэ тохиолдолд хууль хэрэглэх тал дээр тодорхойгүй байдал үүсэхээр байгааг 2025 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар хуульчдын хийсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагавар” судалгаанд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн хүн дахин болон өмнө үйлдсэн гэмт хэрэгт нь хорих, торгох, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг үндсэн ялыг тус тусад нь эдүүлэхээр шүүх шийдвэрлэсэн тохиолдолд аль ялыг эхэлж эдлүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой заах хэрэгтэйг онцолжээ. Дээрх хоёр жишээ бол шүүхийн шийдвэрийн биелэлтэд тулгамдаж буй наад захын асуудал.
Манай улсад шүүхийнхэн өдөрт зуу, зуугаар нь хэрэг, маргаан шийдвэрлэж, буруутай этгээдэд зохих ял шийтгэл оноож буй ч иргэд сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлоо барагдуулж чадахгүй олон жилийн нүүр үзсээр. Энэ нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг алдруулж, туйлдуулж гүйцлээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх явц ястмэлхийн хурдаар урагшилж буйг олон тоо баримт, бодит жишээнээс ч харж болно. Тухайлбал, “Оюуны инновац” ТББ, “Нээлттэй нийгэм форум”-тай хамтран хийсэн 2021, 2023 оны шүүхийн индекстдурдсанаар шүүхийн шийдвэрийн биелэлт дунджаар 50 орчим хувьтай байна. Энэ талаар хуульч П.Баттулга “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын тоон мэдээнээс харахад эрүүгийн хэрэгт гүйцэтгэвэл зохих шийдвэрийн 60, иргэний хэрэгт 50, захиргааны хэрэгт 40 гаруй хувийн биелэлттэй гэж гарсан. 2025 оны тухайд ч шүүхийн шийдвэрийн биелэлт урьдын адил дунджаар 50 орчим хувьтай байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс 100 шийдвэр гаргалаа гэхэд 50-ийг нь биелүүлсэн гэсэн үг. Энэ бол гүйцэтгэвэл зохих шүүхийн шийдвэрийн тооны хувь бөгөөд харин мөнгөн дүнгээр нь авч үзэхэд үүнээс ч бага хувийн биелэлттэй. Тухайлбал 2025 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барагдуулбал зохих мөнгөн төлбөрийн 38, эрүүгийн хэргийн шийдвэртэй гүйцэтгэлийн ажиллагаа дээр барагдуулбал зохих төлбөрийн 10.8, захиргааны хэргийн шийдвэртэй гүйцэтгэлийн ажиллагаа дээр11.7 хувийг барагдуулсан” хэмээн ярив. Захиргааны байгууллага, албан тушаалтантай тооцох хариуцлага сул буй нь шүүхийн шийдвэрийн биелэлтэд сөргөөр нөлөөлж байгааг тэрбээр тодотгосон.
ХӨРӨНГӨӨ НУУН ДАРАГДУУЛАХ ТОХИОЛДОЛИХ
Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой хэмээн хуульд заасан ч хэрэгжүүлэх шатанд асуудал бийг олон жилийн өмнөөс л хуульчид ярьж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгтэй санал нэгддэг. Үүний хүрээнд 2017 ондУИХ баталсанугхуулийншинэчилсэннайруулгынтөслийгХууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан ч хуультогтоогчидхарааханхэлэлцэж, батлаагүй байгаа. Энэ талаар хуульч Л.Галбаатараас тодруулахад “Шүүхийн шийдвэр биелэхгүй байгааг дараах гурван хүчин зүйлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, төлбөр төлөгчийн санхүүгийн чадвар нөлөөлж байна. Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн дийлэнх хувийг банк, ББСБ-ын зээл, эсвэл иргэд хоорондын мөнгөн төлбөр эзэлдэг. Эдийн засгийн нөхцөл байдал, ажилгүйдэл зэргээс шалтгаалан төлбөр төлөгч бодитой орлогогүй, өмч хөрөнгөгүй байх нь шийдвэр гүйцэтгэх боломжийг хязгаарладаг. Мөн хөрөнгөө нуун дарагдуулах арга техник хэрэглэж байна. Төлбөр төлөгч өөрийн нэр дээрх хөрөнгийг бусдадшилжүүлэх, нуух тохиолдол их. Үүнийг илрүүлэх, буцаан татах хууль, эрх зүйн болон техникийн боломж (жишээ нь, цахим мөнгө, далд хөрөнгө) одоогоор хангалттай биш. Төрийн байгууллагуудын (бүртгэл, банк, татвар) мэдээллийн сан хоорондоо бүрэн интеграцад ороогүй байгаа нь хөрөнгө хайх, битүүмжлэх ажиллагааг удаашруулдаг.
Хоёрдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд, гүйцэтгэх засаглалын бүтцэд байгаа нь олон улсад байдаг л загвар. Гэхдээ энэ нь шүүх болон гүйцэтгэх байгууллагын заагийг улам тэлж байна. Шүүх шийдвэрээ гаргаад “орхидог”, гүйцэтгэх байгууллага нь түүнийг нь хэрэгжүүлэх гэж “араас нь явдаг” ийм зааг бий болсон. Хэрэв шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хяналтад илүү ойр байвал шүүгч өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлийн явцад гарч буй маргааныг шуурхай шийдвэрлэх давуу талтай байж болно. Түүнчлэн шүүхийн ачаалал их байгаа нь шийдвэр гүйцэтгэлд мөн нөлөөлж байна. Шүүхийншийдвэргүйцэтгэхбайгууллагань зөвхөн иргэний шийдвэр гүйцэтгэхээс гадна хорих ангиудын үйл ажиллагаа, ял эдлүүлэх үйл явцыг давхар хариуцдаг. Энэ нь хүний нөөц болон төсвийн хувьд ачаалал үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг “орхигдуулах” эрсдэл дагуулдаг. Товчхондоо, 50 хувийн гүйцэтгэл гэдэг нь зөвхөн Шүүхийншийдвэргүйцэтгэхбайгууллагын ажил биш, шүүхийн шийдвэрийн чанар, иргэдийн эрх зүйн ухамсар, эдийн засгийн чадамж болон төрийн байгууллагуудын уялдаа холбоог илтгэж буй “толь” юм. Байгууллага тусдаа байгаа нь удирдлагын хувьд зааг үүсгэдэг ч хамгийн гол нь мэдээлэл солилцооны шуурхай байдал, хуулийн хэрэгжилт дээрх шүүхийн хяналтыг л сайжруулах нь чухал” гэв. Өөрөөр хэлбэл, шүүхийншийдвэрийг “чулуу болгох” болгох гүйцэтгэх байгууллага нь шуурхай ажиллахгүй байгаад л учир бий. Нөгөө талаас шүүх шийдвэр гаргаад л хаячихдаг, эргэх хяналт байхгүй нь иргэдийг хохироож, илтгэлийг нь мохоож байна. Нэг ёсондоо хүүхэд төрүүлээд л болчихдог биш, өсгөж, өндийлгөж хүний зэрэгтхүргэдэг шиг, шүүх гаргасан шийдвэрээ бүрэн хэрэгжих хүртэл анхаарал хандуулах цаг болжээ.
ЭРГЭН ТӨЛӨЛТ ХАМГИЙН БАГА, ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА НЬ ХАМГИЙН ИХ
Манай улс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг анх 2002 онд баталсан бөгөөд 2017 ондшинэчилж, 2020, 2022 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Гэвч өдгөө дахин шинэчлэн найруулж, сайжруулах шаардлага үүссэн. Шүүхийн шийдвэр биелэлтэд дорвитой ахиц гарахгүй, эсрэгээрээ мөнгөн дүнгийн хэмжээ огцом өсөж, үүнд нийгэм, эдийн засаг, санхүүгийн хямрал нөлөөлөх болжээ. Ялангуяа хохирол барагдуулагчийн төлбөрийн чадваргүй байдал, хариуцлагын тогтолцоо сул, эрх зүйн зохицуулалт хангалтгүй зэрэг олон шалтгаан бий аж.
Иргэн, захиргаа, эрүүгийн хэргийн шийдвэр биелэлт аль, аль нь хангалтгүй түвшинд байгааг дээр дурдсан. Сүүлийн жилүүдэд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээдийн тоо тогтмол өсөж, цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Тухайлбал, захиргааны хэргийн дагасаншүүх байгуулагдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн 2004 онд 145 хэрэг шийдвэрлэсэн бол 2023 онд 2371 болж 16 дахин өсжээ. Шүүхээс сүүлийн 15 жилийн байдлаар шийдвэрлэсэн захиргааны зөрчлийг судлан үзвэл жилд дунджаар 10 000-20 000 орчим хэрэг шийдвэрлэдэг ба иргэдийн архидан согтуурах, мансуурах бодисын хэрэглээ өссөн, хөдөлмөр эрхлэлт хангалтгүй, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөлөл их, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөрчил, дутагдал тасрахгүй байгаатай холбоотойг хуульчид хэлэв.
Эрүүгийн гэмт хэргийн тухайд ч ялгаагүй хорих ялыг аль болох бага оногдуулах эрх зүйн орчин, үзэл баримтлалыг дагаж буй ч хоригдлын тоо жилд 4000-аас буурахгүй байгаа аж. Шүүхээс 2021 онд 2336, 2022 онд 2919, 2023 онд 2594 хүнд хорих ял оногдуулжээ. Түүнчлэн хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой шийдвэр нэмэгдэж байгаа ч гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулж буй байдал хангалтгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээ, судалгаанаас харж болно. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах гүйцэтгэх хуудасны биелэлтийг авч үзвэл, 2023 оны хувьд 50 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг төлүүлэхээс 30 тэрбумыг нь барагдуулаагүй байж. Шийдвэр гүйцэтгэгчдээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаарх асуулгад оролцсон хүмүүсийн 60.3 хувь нь төлбөр төлөгчийн хаяг тодорхойгүй, 29.4 хувь нь төлбөрийн чадваргүй, 10.3 хувь нь хүлээлгэх хариуцлага сул гэж хариулжээ.
Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” 2019 оны судалгааны 10 гол үзүүлэлтээс Монгол Улс “Төлбөрийн чадваргүйдлийг шийдвэрлэх” үзүүлэлтээр хамгийн бага оноо авч байв. Үүнийг бусад улсынхтай харьцуулахад манайх зээл, өр төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээ хамгийн бага (16.9 хувь) байдаг төдийгүй асуудлыг шийдвэрлэхэд хамгийн их хугацаа (дөрвөнжил) зарцуулдаг гэж гарсан. Үүнийг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй нь эл судалгаанаас бэлхнээ харагдана. Гэр бүл салалт, цахим залилангийн гэмт хэрэг эрс ихэссэн өнөө цагт хүүхдийн тэтгэмж, мөнгөн хохирлыг барагдуулах үйл явц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхны толгойн өвчин болсон нь нууц биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчилснээр багагүй асуудлыг шийдвэрлэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Шүүгчийн шийдвэр цуурайбиш, хөрсөнд бууж, үр шимийг нь олон нийт хүртдэг байх тогтолцоог бий болгоход шийдвэр гүйцэтгэх байгууллагынхныг хөдөлгөх “хөшүүрэг” хэрэгтэй нь үр дүнгийн хангалтгүй байдал, дахин дахин шүүх рүү очихоос залхсан иргэдийн цөхрөл, шүүхэд итгэхгүй байна гэсэн олон нийтийн итгэл үнэмшил нотолж буйг сануулахад илүүдэхгүй биз.