Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Монгол ньюс”-ийнхэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээд шагналаар шагнууллаа. 30 жилийн түүхтэй, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины тоймч Ч.Болортуяа, О.Бат-Ундрах нарыг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, сэтгүүлч С.Цэрэндулам “Ган үзэгтэн” болов. Мөн “The UB Post” сонины редактор И.Одончимэгт Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Л.Мишээлд “Ган үзэгтэн” шагнал хүртээв.
Ч.Болортуяа нь 2009-2014 онд “Өдрийн шуудан” сонинд сэтгүүлч, 2014 оноос хойш “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, тоймчоор ажиллаж байна. Тэрбээр 2013 онд МСНЭ-ийн нэрэмжит “Болор үзэг”, 2015 онд “Ган үзэгтэн”, 2024 онд “Ган үзэг” наадмын сонины шилдэг бүтээл төрөлд эл шагналыг хүртжээ. Тэгвэл О.Бат-Ундрах нь 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, тоймчоор ажиллах хугацаандаа Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын 2015, 2016 оны шалгаруулалтын шилдэг 10-т удаа дараа шалгарч, улмаар 2016 онд “Ган үзэгтэн” шагнал хүртэж байв. Тэрбээр өнгөрсөн онд Азийн “Пробе медиа” сангаас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, олон улсад дуу хоолойгоо хүргэсэн билээ. Мөн С.Цэрэндулам нь 2018 оноос хойш “Өнөөдөр” сонинд эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж буй, манай мэргэшсэн сурвалжлагчдын нэг юм. Түүний “Жижиг нь томорч, том нь тодорч чаддаггүй дотоодын компаниуд” нийтлэл ийнхүү эзэндээ “Ган үзэгтэн” шагнал авчирлаа.
Өдгөө 30 жилийн ой нь тохиож буй “The UB Post”-ын редактор И.Одончимэг нь салбартаа 10 гаруй, сониндоо дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Тэрбээр МҮОНРТ-ийн “Монголын дуу хоолой” радиогийн Англи хэлний редакцад сэтгүүлч, орчуулагчаар ажиллах хугацаандаа 1000 гаруй нэвтрүүлэг бэлдэж, Монгол орноо сурталчилжээ. Мөн сонины сэтгүүлч Л.Мишээл нь 2020 оноос хойш “The UB Post”-д ажиллан, улс төрийн мэдээ, нийтлэл бичиж, улмаар 2023 оны 1-8 дугаар сард Хариуцлагатай нарийн бичгийн даргын алба хашиж байв. Тэрбээр өдгөө Канадын Торонтогийн их сургуулийн олон нийтийн харилцааны магистрт суралцаж буй бөгөөд ажлаа цахимаар хариуцлагатай хийж байгаа юм.
М.Гэгээ