Түвдээр “Губи лха нга” гэснийг монголоор үгчлэн орчуулбал “заяаны таван тэнгэр” юм. Заяаны таван тэнгэр бол хүний хувийн бие хамгаалагч. Тэд ямар ч үндэстний ямар ч шүтлэгтэй хүн бүрд байдаг. Тиймээс хүн бие, сэтгэлээ ёс суртахууны хувьд цэвэр, ариун байлгаваас зохилтой. Эс тэгвэл нөгөө бие хамгаалагчид чинь хүнээс хөндийрч, улмаар хамгаалахаа ч болино. Тэгэхдээ насан туршид чинь хүний араас дагаж явах болно. Тэд үйлийн үрээр хүнтэй холбоотой байдаг юм. Үүнийг ойлгоогүй хүн янз бүрийн төвөгтэй байдалд орж, эцэст нь юу ч ухаарч ойлголгүй хорвоог орхих болно. Заяаны таван тэнгэрээ буцааж авчрахын тулд тэдгээрийг таалах өргөл өргөж, Говийн лха судрыг уншуулж, бузартсан нүглээ наманчилж, биеэ анхилуун үнэртнээр ариулж, рашаалах зэрэг буддын шашны зан үйл хийх хэрэгтэй. Цаашдаа гэмт үйлдэл, нүгэл хилэнц хийхгүй байхын андгай тавих хэрэгтэй. Уншигчид та бүхэнд “Замбуу тив-Бидний гэр” нэртэй номноос эш татан хүргэлээ. Уг номыг Оросын буриадын ламтан, нэгэн дацангийн ширээт лам Даши орос хэлээр туурвиж, 2024 онд Улаан-Үд хотод хэвлэснийг энэ онд монгол хэлээр олны хүртээл болгосон юм.
Зохиогч дэлхий ертөнц, сансар огторгуй гэж чухам юу болох, хүний амьдрал, байгальтай ямар холбоотой, энэ бүхэн өөр хоорондоо болон бусад амьд биетэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөг Буддын сургаалийн үүднээс энэ номдоо тайлбарлажээ. Хүний ердийн нүдэнд үл үзэгдэх, бидэнтэй зэрэгцэн орших манай хөршүүд, янз бүрийн хэмжээ категорийн амьд биетийн тухай ойлголт өгөхийг мөн хичээсэн аж. Байгалийн өөрийнх нь тодорхойлсон зам мөрөөр эцэс төгсгөлгүй аялан тэнүүчлэгч сүнсний, тодруулбал, амьд биетийн тухай бичсэн байна.
Цааш нь тэртээ XIII зуунд олон үндэстний ард түмнийг, Орос төдийгүй Европ, Ази, Евразийг бараг бүхэлд нь өөртөө нэгтгэсэн аугаа их гүрнийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа үүсгэн байгуулсан их богд Чингис хааны тухай ч номд өгүүлнэ. Өөрийн чадавхийг ашиглах монголчуудын яндашгүй боломж, мөн хөх Тэнгэртэй харилцаж, түүнээс хүчин чадал, дэмжлэг хүлээх олон хүний мэддэггүй тэр их чадварын талаар буюу газар товчлох техник эзэмшсэн хүчирхэг бөө, лам нар монголчууд дотроос төрсөн хийгээд жигүүрт, салхи мэт хурдан хүлгүүд байсан талаар та бүхэн эндээс уншиж болох нь. Бурхнаас заяасан Буриадын Түнхэн нутгийн гоо үзэмж, Саяны уулархаг нутагт буддын шашин үүсэн хөгжсөн түүхийг мөн ярьж өгнө. Энэ Түнхэний эрдэм номтой лам нар Бурхан багшийн сургаалийн эмхэтгэл гэгддэг есөн эрдэнээр бүтээсэн Ганжуурын 110 боть гар бичмэлийг бүтээх ажлыг зохион байгуулсан гэдэг.
Гандангийн “Бодхи” номын дэлгүүрээс энэ номыг үзэж, авч болох юм байна.
Р.Жаргалант