“Crossing bridges” олон улсын гэрэл зургийн 23 дахь удаагийн фестиваль Улаанбаатар хотноо энэ сарын 3-9нд болж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль нь зөвхөн гэрэл зургийн уралдаан бус, улс орнуудын соёлын солилцоо, найрамдал болон аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой олон улсын нэр хүндтэй наадам юм. Урлагаар дамжуулан улс орнуудыг холбох гүүр болдгоороо онцлогтой уг арга хэмжээнд өнөө жил Монгол, Филиппин, Сингапур, Индонез, Малайз, Узбекистан, Австрали, Вьетнам, Шри-Ланк зэрэг есөн орны 150 гаруй уран бүтээлч оролцож байна.
Фестивалийн хүрээнд оролцогчид Улаанбаатар хот болон нийслэл орчмын соёл, аялал жуулчлалын гол байршлуудаарфото аялал хийж байна. Тухайлбал, Чойжин ламын сүм музей, Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслол, “Мянган морьтон” наадам зэрэг түүх, соёлын онцлог бүхий арга хэмжээний зураг авчээ. Олон улсын гэрэл зурагчдын дурандаа буулгасан эдгээр бүтээл нь Монголын түүх, өв соёл, шашин, нүүдэлчдийн ахуй болон нийслэлийг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой аж. Наадмын төгсгөлд шилдэг бүтээлүүдийг тодруулах юм байна.

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэтуяа “Монгол Улс “Crossing bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд хоёр жилийн өмнөөс оролцож эхэлсэн. Энэхүү арга хэмжээг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монголын гэрэл зурагчдын хувьд бахархалтай үйл явдал юм. Энэ удаад Улаанбаатарт цугласан гадаад, дотоодын гэрэл зурагчид нэг үйл явдлыг 150 өөр өнцгөөс харуулж буйгаараа онцлогтой” хэмээв.
Э.Сүйлэн