Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын шийдвэрээр Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын дотоод бүсчлэл, зааг хэмжээ, менежментийн төлөвлөгөөг шинэчлэн тогтоосны дагуу эргэлтийн цэг болоод түүх, соёлын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудад тэмдэг байршуулах ажлыг Хамгаалалтын захиргааныхан “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллагын санхүүжилтээр 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Тус газрын хамгаалалтын дэглэмийг хэрэгжүүлэх, орчны бүсийн зааг хэмжээг тодорхой болгох, нутгийн иргэд болон аялагч, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүднээс уг ажлыг зохион байгуулсан гэв.
Тост, Тосон бумбын нуруу нь 896 540 га талбайг хамардаг бөгөөд сумын нийт нутаг дэвсгэрийн 32 орчим хувийг эзэлдэг байна. Хойд талаараа Говь гурвансайханы байгалийн цогцолборт, баруун талаараа Говийн их дархан цаазат газартай хиллэдэг тул зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, нүүдэлд чухал ач холбогдолтой коридор нутаг юм. Нуруунд цоохор ирвэс, аргаль, янгир, хар сүүлт, шилүүс зэрэг ховор, нэн ховор амьтан нутагладаг бөгөөд говь, цөлийн бүсийн биологийн олон янз байдлыг хадгалахад эл бүс онцгой үүрэгтэй билээ.
О.Ундрах