Өглөөнөөс орой хүртэл гар утасныхаа дэлгэцийг ширтэж, цахим орчинд цагаа өнгөрүүлэх ахмадуудын дүр зура гбидэнд нэгэнт дасал болжээ. Залуусын гэх тодотголтой энэ хотод ахмад үеийнхэнд зориулсан үзвэр, үйлчилгээ, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин өдрийн од шиг ховор. Тэдний хувьд хороо, эмнэлгээс өөр зорьж очих газар цөөхөн бөгөөд нарла жсуух сүүдрэвч, үе тэнгийнхэнтэйгээ тухтай ярилцах орон зай ч хомс. Очих газар, уулзах хүн, хийх зүйл ховордсон энэ нийгэмд ухаалаг гар утас тэдний дотнын “нөхөр”, ганц “хань” болж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улсын нийт хүнамын 9.6 хувийг ахмад настан эзэлдэг бөгөөд тэдний 70.8 хувь нь Улаанбаатарт амьдардаг. Нийслэлийн хүн амын 11.5 хувийг ахмадууд бүрдүүлдэгч ердөө 7.9 хувь нь л нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, нийслэлд амьдарч буй ахмадуудын олонх нь хөдөлмөрөөс хөндийрөхийн зэрэгцээ нийгэмших, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж хомс орчинд амьдарч буй.
ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН “БАЙ” БОЛСОН НЬ
Хүмүүсийн олонх нь дэлгэцийн хамаарал, цахим хэрэглээний донтолтыг зөвхөн хүүхэд, өсвөр үеийнхэн, эсвэл залуучуудын асуудал гэж эндүүрдэг. Гэвч бодит байдалд дижитал технологийн хөгжлөөс хоцрогдож, гар утсыг зөвхөн дуудлага хийх төдийгөөр ашигладаг байсан ахмадууд өдгөө залуучуудаас дутахгүй, бүр илүүтэйгээр технологитой хөл нийлүүлж, зарим тохиолдолд үүний “олз” болсоор байна. Тухайлбал, GWI-ийн судалгаагаар 65-аас дээш насныхан 25-аас доош насныхнаас илүүтэйгээр ухаалаг утас, таблет, зурагт, компьютер ашигладаг бөгөөд энэ хэрээр ухаалаг утасны “урхи”-нд унах эрсдэлтэйг тогтоосон аж.
Технологийн аварга компаниуд ч ахмад үеийнхний энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэглээг хэдийн анзаарчээ. Жишээ нь, “Apple” компани “AirPods”-ыг сонсголын аппаратаар, “Apple watch”-ийг зүрхний цохилт хэмжих, түргэн тусламж дуудах зэргээр ахмад настны хэрэглээнд зориулан хөгжүүлсэн нь үр дүнгээ өгч, гадаадын зах зээлд 65-аас дээш насныхны 17 хувь нь ухаалаг цаг зүүх болжээ.
БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны яам болон “Korea information society agency” хамтран өнгөрсөн онд хийсэн “Ухаалаг утасны хэт хэрэглээний судалгаа”-гаар 60-69 насныхны 11.5 хувь нь гар утсанд хэт автах буюу хамааралтай болох өндөр эрсдэлтэй гэсэн үр дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд ахмадуудын дэлгэцийн ард өнгөрүүлэх цаг жил ирэх тусам нэмэгдсээр буй юм.
Монголын нөхцөлд энэ байдал бүр ч эмзэг хэлбэрээр илэрч буй нь харамсалтай. Сүүлийн жилүүдэд ухаалаг утас, интернэтийн хэрэглээ өргөжихийн хэрээр 60-аас дээш насныхан фэйсбүүк болон бусад цахим сүлжээг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгожээ. Гэвч цахим орчны аюулгүй байдлын талаарх ойлголт хомс, дижитал дархлаа тогтож амжаагүй ахмадууд цахим залилангийн гол “бай” болох нь элбэг. Жишээлбэл, онлайн шопоос сүлжээний эм бэлдмэл, элдэв “шидэт” бүтээгдэхүүн захиалах нь тэдний хувьд энгийн үзэгдэл. Үндсэндээ энэ төрлийн бизнес эрхлэгчид зорилтот бүлгээ болгон “онилдог” аж. Үүгээр ч зогсохгүй ахмадуудын шашин шүтлэг, итгэл үнэмшилд халдсан ёс зүйгүй үйлдлүүд цахим орчинд гаарав. Тухайлбал, “цахимаар ном уншуулж, буян арвижуулна” гэх нэрийдлээр итгэлийг нь урвуулан мөнгийг нь хумслах үзэгдэл олширсоор байна. Ахмад настнуудын ганцаардал, сэтгэл зүйн эмзэг байдалд дөрөөлсөн энэ мэт залилан, бизнесийн хэлбэрүүд өдрөөс өдөрт цэцэглэсээр буй нь гачлантай.
АЧ, ЗЭЭГЭЭ ХАРАХААС ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА
Монголын нөхцөлд ахмадууд яг л нүүдлийн шувууд шиг амьдарч буй. Хүйтний улиралд хот суурин газар бараадаж, үр хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөж, ач, зээ нараа хардаг бол дулаарахаар зуслан, эсвэл хөдөө хээр гардаг. Харин байнгын хот суурин газарт амьдардаг ахмадуудын хувьд чөлөөт цагаараа намын хуралд суух, эсвэл хааяа нэг соёлын төвд очиж бүжиглэхээс хэтэрдэггүй. Үүний цаадах үндсэн шалтгаан нь Монголд ахмадуудад зориулсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, орон зай байхгүйтэй холбоотой. “Тэтгэвэртээ гарсан л бол нийгэмд хэрэггүй” гэх явцуу хандлагын тод илрэл энэ юм.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Ж.Ганчимэг “Уйдах, ганцаардах, цаг өнгөрөхгүйн зовлонг хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Ямар сайндаа л ингээд сууж байх вэ дээ. Бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, дасгал хөдөлгөөн хийх, дуулж бүжиглэх, тоглоод суух, таван үг тухтай солих газар байдаг бол бид энд юу хийгээд суух вэ. Байрны зай талбай, булан тохой бүрд л зочид буудал, баар, ресторан байна. Гэтэл ахмад настнууддаа зориулаад алгын чинээ газарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ганц байшин ч бариад өгч чадахгүй” гэв. Ахмад настанд зөвхөн тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ бус, нийгэмших орон зай нэн шаардлагатайг эл жишээ харуулж буй юм.
Нийслэлийн хэмжээнд ахмад настны төлөө ажилладаг гэх 700 гаруй зөвлөл, холбоо, хороо байдаг ч ихэнх нь улс төрийн зорилгоор, тухайлбал, сонгуулийн үеэр санал авах хэрэгсэл болгон ашигладаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс ганцаардлыг зөвхөн хувь хүний, эсвэл гэр бүлийн асуудал гэж харах бус, хот төлөвлөлт, нийгмийн бодлогын хэмжээнд авч үзэх шаардлагатай болжээ. Жишээлбэл, амралт, сувиллын төв байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, өдрийн асрах үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ өдрөөс өдөрт өссөөр байна. Мөн ахмадуудын ажил, амьдралын арвин туршлага, мэдлэгийг хойч үедээ өвлүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боломжит хэлбэрээр ажлын байраар хангах, урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, технологийн мэдлэг олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулах нь тэднийг ганцаардлаас ангижруулах хамгийн зөв гарц аж.
ТЭТГЭВЭР БОЛ АМЬДРАЛЫН ТӨГСГӨЛ БИШ
Манай улсад ахмад настны эрх ашиг, нийгмийн хамгаалал, хөгжил, оролцоог зохицуулах гол баримт бичиг нь Ахмад настны тухай хууль. Уг хуулиар тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг өргөжүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын үүргийг тодорхойлсон байдаг. Тухайлбал, тус хуулийн 14.5.1-т баг, хорооны Засаг дарга ахмад настныг бүртгэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, амьжиргааг нь дэмжих арга хэмжээ зохион байгуулах, ахмадын байгууллага, зөвлөлтэй хамтран ажиллах үүргийг тодорхой заажээ. Тэгвэл хуульд заасан эл үүргийг бодит амьдралд хэрэгжүүлж чаддаггүй. Тиймээс улс төрийн нам, аливаа арга хэмжээний үеэр л санал авах хэрэгсэл болгон санах бус, харин тэднийг бодитоор нийгэмшүүлэх, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг орон нутгийн удирдлагууд ажил хэрэг болгон идэвхтэй санаачлах ёстой.
Гадаадын хөгжингүй оронд ахмадуудыг нийгмээс тусгаарлах бус, харин амьдралын чанарыг нь сайжруулах цогц үйлчилгээг бодлогоор дэмждэг. Тухайлбал, БНСУ-д “Home care” буюу гэрийн болон хамтын асаргааны үйлчилгээ өндөр хөгжсөн байдаг. Ахмадууд хувийн хөрөнгөө нийлүүлэн байр авч, түүндээ мэргэжлийн асаргаа сувилгаа, эмнэлгийн тусламж, соёл, амралтын орчныг бүрэн цогцлоосон байх нь бий. Энэ нь тэднийг ганцаардахаас хамгаалж, ухаалаг утсанд донтож цаг үрэх бус, харин амьдралынхаа “хоёр дахь залуу нас”-ыг идэвхтэй өнгөрүүлэх боломж олгодог байна. Түүнчлэн ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй татан оролцуулж, эдийн засгийн хувьд бие даасан байлгах чиглэлээр дэлхийн улс орнууд оновчтой шийдлүүд хэрэгжүүлдэг. Тухайлбал, Японд өндөр настанд зориулсан цагийн болон уян хатан ажлын байрны тогтолцоог маш сайн хөгжүүлжээ. Жишээлбэл, 70 болон түүнээс дээш насны ахмадууд өдөрт 2-4цаг ажиллах боломжтой нийгмийн, эсвэл зөвлөх үйлчилгээний цагийн ажил олноор бий болгосон нь тэднийг орчноос тусгаарлагдахаас сэргийлж, орлоготой байхын зэрэгцээ энэ нийгэмд хэрэгтэй, үнэ цэнтэй нэгэн гэдгийг нь мэдрүүлдэг юм байна. Эдгээр жишээнээс харахад тэтгэвэрт гарна гэдэг нийгмийн амьдралдаа цэг тавина гэсэн үг биш. Харин ажил хөдөлмөрийн нэг үе дуусаж, өөрийн мэдлэг, сонирхол, туршлагадаа тулгуурлан амьдралынхаа дараагийн үеийг эхлүүлэх шилжилт юм.
Үүн шигманай ахмадуудад өдгөө гар утас ухаж, дэлгэц ширтэхээс өөр хийж бүтээх зүйл, зорьж очих тусгай орчин зайлшгүй хэрэгтэй. Ажил, амьдралынх нь арвин туршлага, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боломжит ажлын байраар хангах, урлаг, соёл, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, технологийн зохистой хэрэглээний мэдлэг олгох олон талт арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагууд тогтмол зохион байгуулаасай гэж тэд хүсэж байна.
Төрийн бодлогоор ахмадуудад зориулсан хувийн хэвшлийн ажлын байр нэмэгдүүлж, Ахмадын хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ ийн бий болжээ. Өдгөө дүүрэг бүрд Ахмадын хөгжлийн төв нэртэй байгууллага ажиллаж байгаа ч зорилтот бүлгийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг тогтмол, хүртээмжтэй хүргэж чаддаг уу гэвэл эргэлзээтэй. Тиймээс зөвхөн нэр төдий байгууллагуудын тоог нэмэх бус, ахмадуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндээ дэмжих, ур чадвараа хөгжүүлэх, үе тэнгийнхэнтэйгээ харилцах, шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдүүлсэн цогц төвүүдийг бий болгох нь нэн чухал.
Э.Сүйлэн