Иргэд одоо болтол шатахуун түгээх станц (ШТС)- уудын гадаа дөрөв, таван цагаар, зарим нь бүр шөнөжин дугаарласан хэвээрээ байна. Ажил, амьдралаа зохицуулахын оронд шатахууны эрэлд өдөр, шөнөгүй ийн хатаж байхад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ШТС-уудаар шагайсан болж, иргэдтэй уулзах нэрээр тэдний уур бухимдлыг улам өрдөж, доромжилж явааг нь олон нийт эрс эсэргүүцэн, огцрохыг шаардах боллоо.
Олон улс дахь дайн, геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан шатахууны зах зээл хүнд байгааг үгүйсгэхгүй. Үүнээс болоод нийлүүлэлт саатаж буйг ч бүгд ойлгож байгаа. Харин хилээр оруулж ирсэн шатахууны нөөцөө зөв, шуурхай, шударга хуваарилж чадахгүйд л иргэд бухимдаад байгаа юм. Энэ бол 100 хувь дотоод зохион байгуулалтын асуудал учраас тэр. Тодруулбал, сайд Г.Дамдиннямын өнгөрсөн хугацаанд санаачилсан шатахуун хүртээх 50 мянган төгрөгийн квот, улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарласан зохицуулалт зэрэг нь “бай”- гаа оноогүй. Талон хүртэл тараасан, одоо бүр иргэдийг торгуультай, үгүйгээр нь ялгаварлан гадуурхаж, төлөхгүй бол бензин өгөхгүй гэв. Улмаар “И-Монголиа”-гаар QR код уншуулж байж шатахуун ав хэмээн даапааллаа. Эдгээр шийдвэрээ ирэх долоо хоногоос эхлэн хэрэгжүүлэх гэнэ. Бинзений худалдан авалтыг хүртэл төрийн мэдээллийн нэгдсэн системд “уяж”, иргэдээ ийн тагнаж чагнах хэрэг байгаа юм уу, сайд аа. Иргэдийн эмзэг, хувийн нууц мэдээлэл агуулдаг системээ бензин зардаг аппликэйшн болгох гэж үү.
Төр иргэнийхээ мэдээллийг хамгаалах үүрэгтэй болохоос хямрал нүүрлэх болгонд түүнийг нь ашиглан хянаж цагдах, мөрдөн мөшгих ёсгүй. Хүний эрх зөрчигдөх, хувийн мэдээлэл алдагдах эрсдэлийг тооцолгүйгээр ийм шийдвэр яаран гаргах нь хэрхэвч зөв шийдэл биш. Иймд иргэд түүний “Огцрох болзлоо хэдийн хангачихсан” хэмээж, нэг бол ажлаа одоогийнхоосоо арай дөнгүүр хийхийг, үгүй бол зайгаа хурдан тавьж өгөхийг хүсэж буй юм.
О.Ундрах