Намрын мод тарих өдрүүдийг нийслэлийн хэмжээнд энэ жил есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нд зохион байгуулж, 1.3 сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд нийслэл, дүүргийн харьяа төрийн байгууллагынхныг Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд нэгдсэн байдлаар мод тариулж буй тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газар зэрэг холбогдох албаныхан мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор төрийн байгууллагынханд тэнгэрт хадсан өндөр үнээр тарьц, суулгац шахаж эхэлсэн гэх. Тодруулбал, төрийн албан хаагч бүрийг Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс санал болгож буй 14 төрлийн модноос таван ширхгийг хувиасаа худалдан авч, амралтын өдөр тус газарт тарихыг шаардсан талаар эх сурвалж мэдээлэв. Гэтэл эл цэцэрлэгт хүрээлэнгийнхэн гоёлын болон жимсний бут, сөөгийг гурав, гурваар нь багцлан 90, гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст модыг тус бүрийг нь 350 мянган төгрөгөөр үнэлэн борлуулж буй аж. Хайлаас, шар хуайс, улиас, бургасны тарьцыг хамгийн хямдаар буюу 10 мянган төгрөгөөр худалдаж буй ч нөөц нь хязгаартай учраас зарим нь ямар ч сонголтгүйгээр үнэтэй мод худалдан авахад хүрч байгаа бололтой. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 7707 2023 дугаарын утас руу залгаж, ямар төрлийн мод тарьж болох талаар тодруулахад “Ойн газраас манайд хуваарилсан улиас, бургас, хайлаасны суулгацыг иргэдэд үнэгүй хуваарилж, тариулаад дууссан. Одоо голдуу гоёлын болон жимсний мод тариулж байгаа. Тарьц, суулгацын үнэд мод тарих нүх ухах, хөрс шороо бэлтгэх зэрэг ажлын зардал ч багтсан” гэсэн юм.
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн бол орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэсэн статустай, төрийн байгууллага. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, төлөвлөлт, зохион байгуулалтыг Баянзүрх дүүргийн болон нийслэлийн ЗДТГ хариуцдаг гэх. Харин тэнд мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч байгууллагынхан хариуцдаг юм билээ. Үндсэндээ тус цэцэрлэгт хүрээлэнг хариуцдаг тусгай албан хаагчид бий, тэд чиг үүргийн ажлаа хийснийхээ төлөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Гэтэл цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж хариуцсан ажилтнууд байсаар атал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих намрын өдрүүдээр далимдуулан төрийн байгууллагынхныг нэмэлтээр дайчилж, ингээд зогсохгүй тарьц, суулгацаар хангах нэрээр хөөрөгдсөн үнэтэй мод, сөөг шахаж эхэлсэн нь олны бухимдлыг төрүүлж байна. Зарим нь “Мод, бутаа ядаж бодит үнэлгээгээр нь тооцож шахах хэрэгтэй” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн. Уг цэцэрлэгт хүрээлэнгийнхэн ч “Төрийн байгууллагынхан төдөн мод тарих ёстой гэсэн журам, зохицуулалт байдаг, жирийн иргэдэд хамаагүй” гэсэн юм.
Ж.Сувд