Дэлхийн 20 гаруй орны 100 орчим эмэгтэй парламентч Улаанбаатар хотод, Төрийн ордонд өчигдөр чуулав. Олон улсын эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг УИХ, ГХЯ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа эх орондоо зохион байгуулсан нь энэ. Эмэгтэйчүүд эрчүүдийн адил боловс рол эзэмших, сонгуульд оролцохоос эх лээд тэгш эрх эдлэхийн төлөөх тэмцэл олон зуун жилийн өмнөөс өрнөсөн. Харин улс төрд, тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд ажилласан түүх 119 жилийн өмнөөс эхтэй аж. Финланд улсын парламентад 1907 онд анх эмэгтэй хүн сон гогджээ. Өнөөдөр дэлхийн улс орнуудын пар ламентад эмэгтэйчүүд дунджаар 27.5 хувийг эзэлж байна. Нэг талаар амжилт ч чамлахаар тоо мөн. Хэдий тийм ч өчигдөр чуулсан эмэгтэй пар ламентчид оролцооноос гадна нөлөөлөл, үр дүн ярих цаг болсныг сануулсан юм. Үүнийг эмэгтэй улс төрчдийг парламентад сонгосноор иргэдийн амьдралд ямар ахиц, өөрч лөлт гарснаар хэмжинэ гэлээ. Нөлөөллийг нэмэг дүү лэхийн тулд харин юу хийх ёстой вэ.
101 УЛС “ХААЛТ ТАВЬСАН” ХЭВЭЭР БАЙНА
Эмэгтэй парламентчдын форумыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” сэдвийн дор зохион байгуулж буй. Форумыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлэв. Тэрбээр “Манай улс 1924 оны Үндсэн хуульд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан. 1992 оны парламентад гурван эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол өнөөдөр УИХ-ын нийт бүрэлдэхүүний 25 хувь нь бүсгүйчүүд болжээ. Дөрвөн гишүүн тутмын нэг нь эмэгтэй байгаа нь бидний хамтын ололт, ардчиллын хөгжлийн бодит ахиц юм. Гэхдээ энэ хангалтгүй. Тэдний мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр болгох нь чухал” гэв.
Ерөнхийлөгчийн илгээлтийг Тамгын газрынх нь дарга А.Үйлстөгөлдөр дамжуулсан. Үүнд дэлхийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэн, хөгжлийг тэтгэхэд эмэгтэй удирдагчдын үүрэг, манлайлал нэн чухлыг онцолжээ. Мөн аливаа улсын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, дайн, тэмцэл зөрчилдөөн гарах магадлал буурдгийг сануулсан байна. Энхийг эрхэмлэдэг, нээлттэй, бие даасан гадаад бодлогын хүрээнд Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал, нөлөөллийг нэмэхэд анхаарч, бодит хувь нэмрээ оруулж ирснийг ч Төрийн тэргүүн хэлжээ. 2022 оноос хойш манай улс дэлхийн энхийг сахиулагч, гадаад харилцааны сайд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганыг эх орондоо зохион байгуулж байв. Мөн 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг хийсэн. Эдгээр санаачилга, манлайлал нь манай улсын байр суурийг илэрхийлж буй. Мөн тэгш оролцоог бэхжүүлэхэд олон улсын найдвартай түнш, бат бөх гүүр байх болно гэсэн байна.
Дээрх чуулга уулзалтад Хорват, Уганда, Бурунди зэрэг орны парламентын дэд дарга нар хүрэлцэн иржээ. Хорват улсын парламентын дэд дарга Сабина Глазовац “Эмэгтэйчүүд парламентад төлөөлөлтэй байж шийдвэр гаргахад байлцах нь чухал. Гэвч төлөөлөл бол зөвхөн эхлэл. Дэлхийн улс орнуудын парламентад эмэгтэйчүүд 27.5 хувийг эзэлж байна. 28 оронд Төрийн тэргүүн болон Ерөнхий сайдаар эмэгтэй хүн ажилладаг. 101 оронд шийдвэр гаргах дээд албан тушаалд бүсгүйчүүдийг огт ажиллуулдаггүй хэвээр байгаа юм. Эмэгтэй улс төрчид өөрт нь шууд хамааралгүй хэвшмэл ойлголт, давхар стандарт, элдэв хүлээлттэй тулгарсан хэвээр байна. Африкт “Нэг эрэгтэй хүнийг сургавал ганц, харин нэг эмэгтэйг сургавал бүтэн үндэстнийг боловсролтой болгоно” гэдэг үг бий. Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд бүрэн оролцох, удирдах боломж олгох нэг гарц шийдлийг энэ форум олгоно гэж итгэж байна. Нэг эмэгтэйн амжилтыг онцгой гэж үзэх бус, дараагийн хүмүүсийнхээ замыг засаж, хөнгөвчилж байна гэж тооцох хэрэгтэй. Тиймээс дэлхийн эмэгтэйчүүдэд эв нэгдэл чухал” хэмээсэн.
Дэлхийн улсуудаас Африкийн олон оронд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байдаг. Тухайлбал, Угандагийн Дэд ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нь эмэгтэй хүн аж. Тус улсын парламентын дэд дарга Томас Тайебва хэмээх эрэгтэй дээрх чуулганд эх орноо төлөөлөн иржээ. Тэрбээр “Манай улс эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмждэг. Парламентын маань 35.3 хувийг бүсгүйчүүд эзэлж байна” гэлээ. Мөн Бурунди улсын парламентын дэд дарга “Манай улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдэд нэр дэвших 30 хувийн квот олгосноос Үндэсний асамблей буюу парламентын доод танхимын гишүүдийн 40.5, сенатын 46 хувь нь бүсгүйчүүд эзэлж байна” гэсэн юм. Үүнээс гадна оролцогч орны төлөөлөл болсон эмэгтэй парламентчид үг хэлж, өөрсдийн орны туршлага, нөхцөл байдлаа хэлэв.

СОШИАЛ ХҮЧИРХИЙЛЭЛ ЭРЧИМЖЖЭЭ
Форум өчигдөр үдээс хойш гурван салбар хэлэлцүүлгээр үргэлжилсэн. “Жендерийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин, өөрчлөлт, шинэчлэл, шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн төлөөллийн нөлөөлөл болон манлайллын ур чадвар, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид өөрсдийн улсын туршлагыг хуваалцсан юм. Хууль, эрх зүйн хувьд өнгөрсөн он жилүүдэд багагүй ахиц гарчээ. Манай улсад тухайлбал, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, улс төрийн оролцоог нэмэх тухайд ололт их. 2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болгосон. Ингэхдээ тойрогт аливаа намаас нэр дэвшүүлэх бол 30 хувиас багагүй нь эмэгтэй байх, жагсаалтад хүйсээр сөөлжлөх зохицуулалт тусгасан. Үүний үр дүнд өнөөдөр УИХ-д 32 эмэгтэй сонгогдон ажиллаж буй. Манайх шиг Үндсэн хууль, бусад хуульдаа эмэгтэйчүүдийн нэр дэвших квот олгосон, намуудын бүх шатанд 30-аас багагүй хувь нь бүсгүйчүүд байх заалт оруулсан улс цөөнгүй аж. Тухайлбал, Энэтхэг улс 2023 онд Үндсэн хуульдаа доод парламентын гуравны нэг нь эмэгтэйчүүд байх суудлын квот тусгасныг парламентч нь ярив. Үүнийг тэд түүхэн өөрчлөлт гэж үзэж буй. Харамсалтай нь, хэрэгжүүлэх хугацаа нь 2034 оноос юм билээ. Энэ мэтээр гоё заалт нэмдэг ч хэрэгжүүлдэггүй байдал их гэдгийг оролцогчид ярьж байлаа. Пакистан улс мөн ийм квот тогтоохоор ажиллаж буй, эхний ээлжид мужийн хуулиудад дээрх зохицуулалтыг тусгасан гэнэ.
Мөн “Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн нөлөөллийг нэмэгдүүлэх, манлайллын ур чадвар, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийн модератороор УИХ-ын гишүүн Б.Жаргалан ажилласан.
Эмэгтэй улс төрч, парламентын гишүүдийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, үүнээс шалтгаалсан хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замыг гурав дахь хэлэлцүүлгээр ярилцсан нь бас нэг анхаарал татах асуудал байв. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нь өөрөө “хүнд хөдөлмөр” гэдгийг өнгөрсөн 120 орчим жилд дэлхийн улс орнуудын парламентад бүсгүйчүүдийн эзлэх болсон дундаж тооноос харна. Оролцоо нэмэгдэх үйл явц яагаад ийм удаан байгаагийн шалтгааныг төлөөлөгчид шүүж, ярилцлаа. Польш улсад эдүгээ парламентынх нь 30 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэхдээ эл хувьд хүрэхийн тулд 100 жил зарцуулсан байна. Эмэгтэй хүн улс төрд, тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд ажиллахад эрчүүдээс хэд дахин илүү ачаалал үүрдэг, олон сорилт, бэрхшээл давдгийг судалгаанууд харуулдаг. Хүүхдээ харна, ээж, эхнэрийн ажлаас гадна карьертаа анхаарна гэдэг нь хүнд хөдөлмөр. Нийгмийн хэвшмэл хандлага, соёл, шашны нөлөө үүн дээр нэмэгдэнэ. Ялангуяа сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээ хөгжсөн нь эмэгтэй улс төрчид рүү хандсан дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг эрчимжүүлсэн талаар орон орны парламентч хөндсөн юм. Эмэгтэй улс төрчдийг бодит амьдрал дээрх болон цахим хүчирхийллээс хамгаалах хууль, эрх зүйн орчин хэрэгтэй байгаа аж.
СЭДЭВ “ХУВААРИЛДАГ” ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ
Цаашид эмэгтэй улс төрчдийн ахиц дэвшлийг бодитоор хэмжихийн тулд хууль тогтоох, төсөв батлах, стратеги боловсруулах, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зэргээр “том” асуудалд ч эмэгтэйчүүд оролцож, санал бодлоо тусган, шийдвэр гаргуулж байна уу гэдгийг анхаарч үзэх ёстойг улс төрч бүсгүйчүүд хэлж байлаа. Эмэгтэй хүн гэхээр л зөвхөн хүүхдийн эрх, гэр бүлийн болон нийгмийн асуудлыг “хуваарилаад” өгчихдөг хэвшмэл сэтгэлгээ одоо ч бий. Тэгвэл оролцоо, төлөөлөл гэдгийг хэдхэн ийм сэдвээр хязгаарладаг байдлыг ч халах цаг болсон аж. Улмаар өргөн хүрээнд, улс орны гол салбаруудад бүсгүйчүүдийн ур чадварыг ашиглах, манлайлал, нөлөөг нэмэхэд олон улсын улс төрч эмэгтэйчүүд хамтран ажиллах ёстой хэмээн санал нэгдэв. Үүний тулд холбогдох хууль, эрх зүйг өөрчлөх, гол нь хэрэгжилтэд хяналт тавих, шаардах, иргэний нийгэм, бусад бүлэгтэй хамтран ажиллах бүхий л гарц боломжийг ашиглах нь. Улс төрийн намууд үүнд гол үүрэгтэй гэдгийг ч тэд сануулсан юм. Бүсгүйчүүдэд сонгууль, төрийн аливаа өндөр албан тушаалд өрсөлдөх “виз”-ийг нам нь л олгоно. Тиймээс намуудын удирдлага жендерийн мэдрэмжтэй байх ёстой. Мөн эмэгтэйчүүдэд боломж олгоно гэдэг нь эрчүүдийн эрх мэдлийг хуваалцах, булаацалдах ойлголт огт биш гэдгийг тэдэнд сануулна лээ.
НҮБ-ын гишүүн 193 орон дэмжиж, 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийг баталсан. Үүнд 2030 он гэхэд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэхээр заасан нь бий. Зарим орон хэдийн эл хувиа давсан. Гэвч хүрч завдаагүй улс Монголоос эхлээд байна. Парламентын 25 хувь нь эмэгтэйчүүд болж, Азийн дунджаасаа давсан ч энэ бол манай улсын хувьд сэтгэл ханах үзүүлэлт биш. 2028 оноос эмэгтэй нэр дэвшигчдэд олгосон квотыг 10 хувиар өсгөж 40 болгохоор хуульчилсан. Гэтэл дэлхийд амласнаа хэрэгжүүлэхэд одоо ганцхан сонгууль л үлджээ. Бас УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч зэрэг төрийн өндөр албан тушаалд эмэгтэй хүн томилдоггүй, “хаалт тавьдаг” орнуудын нэг нь Монгол гэдгийг мартаж болохгүй.
Юутай ч шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх тухай тэмцэл үргэлжилсээр байна. Харин одоо тэмцэл нэг шат ахиж, төлөөлсөн дүр эсгэж, товчлуур дарсан идэвхгүй гишүүдээс илүү нөлөөлдөг, бодит үр дүн гаргуулдаг улс төрчдийг төлөвшүүлэх ёстой. Үүний тулд эмэгтэй улс төрчдийг сургах, боловсруулахаа мартаж болохгүй. Мөн орон орны эмэгтэй парламентчид нэгдэх, дуу хоолойгоо хамтран хүргэх нь чухал гэдгийг оролцсон хүн бүр хэлж байлаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монголчуудад эртнээс өвлөгдсөн нэг уламжлал бий. Малчин өрхүүд гэрээ дулаан байлгах эсгий хийхийн тулд хамтран ажилладаг. Нэг ширхэг ноос хэврэг, амархан тасардаг. Харин олон ноосыг ус шүршин нягтруулж, хамтран гараар элдсэний үр дүнд тал нутгийн хатуу өвлийг тэсвэрлэхүйц бат бэх эсгий хийдэг. Нийгмийн амьдралд бодит нөлөө үзүүлэх хүч ч үүнтэй адил зарчмаар бүрдэнэ. Хэчнээн авьяас, чадвартай эмэгтэй улс төрч байгаад хууль тогтоомжийг ганцаар өөрчлөх нь ховор. Бодит нөлөөллийг эв нэгдэл, түншлэлээр бий болгодог. Эмэгтэйчүүд нэгдэж, эрчүүд дэмжиж, олон улсын парламентчид нэгдэж байж уг зорилгод хүрнэ” гэсэн юм. Эл форум өнөөдөр үргэлжилнэ.