Хот төлөвлөлтөд барилгажилтын нягтрал гэж чухал зүйл бий. Энэ нь тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал, зам, дэд бүтэц, газар ашиглалтын даац, нийгмийн үйлчилгээний хүртээмж болон иргэдийн амьдралын чанар, аюулгүй байдлыг тодорхойлогч гол хэмжүүр болдог. Манай улсын барилгын салбарт өдгөө мөрдөж буй Хот, суурины төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд орон сууцын хорооллын нягтралыг нэг га талбайд 300-450 хүн байхаар заасан байдаг. Энэхүү норматив нь Европын хөгжингүй орнуудын (нэг га-д 150-300 хүн) жишигт ойр, олон улсын түвшинд “амьдрахад нэн тааламжтай, дундаж” гэж хэлж болохуйц үзүүлэлтэд тооцогддог. Гэвч Монголд хөрсөн дээр буулгаж чаддаггүйгээс цаасан дээрх мөрөөдөл төдий тоо болгож хувиргажээ.
Эл норм, дүрэм бодит байдалд хэрхэн гажиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг боомилж буйг ул суурьтайгаар авч үзэх цаг нэгэнт болжээ. Нийслэлийн Хот байгуулалтын газраас мэдээлснээр Улаанбаатар дахь барилгажсан талбайн хэмжээ сүүлийн 30 жилд 4.3 дахин тэлжээ. Тус байгууллагынхан нийслэлийн суурьшлын бүсийн 35 206 га талбайг авто замын сүлжээгээр 1183 хэсэгт хувааж, одоо буй болон шинээр барихаар төлөвлөсөн барилгын мэдээлэлд тулгуурлан хүн ам, барилгажилтын нягтралыг тооцоход ихэнх бүсэд стандартын дээд хязгаарт тулсан байжээ. Нэг га-д 460-аас олон буюу нормоос хэтэрсэн тооны хүн суурьшсан 733 га талбай бүхий 88 хэсэг байж. Төвийн дүүргүүдийн барилгажсан бүсүүд, ялангуяа Хан-Уул дүүргийн Нисэх, Яармаг, “Ривер гарден”, Хүннүгийн гудамж орчим, Зайсангийн ам, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол зэрэг байршилд хүн амын нягтрал стандарт хэмжээнээс хэд дахин давж, нэг га-д 700-1000 иргэн амьдарч буйг нь тогтоосон гэнэ.
Нормоороо бол нэг га-д ихдээ 300-450 хүн амьдрах ёстой. Гэтэл зарим бүсэд нэг га талбайд 700-1000 хүн ногдож байна гэхээр Улаанбаатарыг зүгээр ч нэг “бетонон ширэнгэ” гээд хэлчихээгүй нь харагдана. Энэ үзүүлэлт нь нийслэлд хүн амын төвлөрөл, барилгажилт хяналтаас гарч, замбараагаа алдсаныг илтгэж буй юм. Гэтэл эл тооцоолол, судалгааг одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд хийжээ. Үүнээс хойш эдгээр үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөн, стандартын хязгаар давсан хэсгийн тоо хэд болж өссөн нь тодорхойгүй байна.
Эхэнд дурдсанчлан барилга, байгууламжуудыг тодорхой хязгаартай орон зайд уялдаа холбоо, тооцоо судалгаа, харилцан зохицолтойгоор хэрхэн барих вэ гэдэг нь хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн бодлого. Үүнээс хотын оршин суугчдын амьдралын чанар, аюулгүй байдал шууд хамаардаг. Тэр үүднээсээ дэлхийн улс орнууд барилгажилт, хүн амын нягтралыг бодитой, тогтмол хянаж хэт төвлөрлөөс үүдэлтэй орчны эрсдэлүүдээс сэргийлдэг аж. Манай улсад ч хот байгуулалтын хууль тогтоомж болон норм, дүрмийн дагуу барилгажилтын нягтрал, газар ашиглалтын тооцоог гурван түвшинд тодорхой хугацааны давтамжтай хийх зохицуулалттай. Тодруулбал, стратегийн буюу урт хугацааны түвшний тооцоолол, судалгааг 15-20, дунд хугацааныхыг 5-10, богино хугацааны буюу байнгын хяналтынхыг жил тутамд хийхээр хуульчилжээ. Урт хугацааны тооцооллыг хотын ерөнхий төлөвлөгөө, үзэл баримтлал зэрэг бодлогын гол баримт бичгүүдийг боловсруулах, шинэчлэхэд ашигладаг бол дунд хугацааныхыг нь ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалттай холбоотойгоор хэсэгчилсэн төлөвлөлт хийх, харин богино хугацааныхыг нь байнгын өөрчлөлтийг хянах зорилгоор гүйцэтгэдэг байна. Харамсалтай нь, Монголд энэ чиглэлийн судалгааг хуульд заасан хугацаанд, тогтмол хийж чаддаггүй аж.
Дээр дурдсан тоо баримтыг эшилсэн судалгааг гэхэд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний тодотголын хүрээнд Хот, суурины төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг шинэчлэх зорилгоор нийслэлийн Хот байгуулалтын газрынхан Хот байгуулалт, судалгааны институттэй хамтран дөрвөн жилийн өмнө хийсэн. Үүнээс өмнөхийг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай холбоотойгоор 2018 онд хийсэн юм билээ. Харин үүнээс хойш бүрэн хэмжээний судалгаа, тооцоолол хийлгүй өдий хүрчээ. Уг нь Улаанбаатар шиг замбараагүй төлөвлөлттэй, газрын наймааны үүр уурхай болсон хотод нягтралын тооцоог олон улсын жишгээр жил бүр шинэчилдэг байх нь чухал. Унтаад сэрэхэд л хажууханд барилгын суурь цутгачихсан, нэг харахад л нийтийн эзэмшлийн хэсэгт тэнгэр баганадсан өндөр барилга босгочихсон байдаг газарт хяналт, тооцоолол нь төлөвлөлтөөсөө хэдэн алхмын өмнө байх ёстой. Нидэр дээрээ Улаанбаатарт энэ ажил урвуу байдлаар хэрэгжиж байна.
Хууль, журмаар бол архитектур төлөвлөлтийн даалгавар олгох бүрд тухайн барилга, байгууламжийн орчны нягтралыг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ бүсэд хүн ам, барилгажилтын нягтрал хэр байна, тогтоосон даац нь хэчнээн бэ, нэмж сууц бариулах боломжтой юу гэдгийг харгалзан барилгын зөвшөөрөл олгох зохицуулалттай гэсэн үг. Харамсалтай нь, бодит байдалд энэ болгоныг нэгдсэн байдлаар системтэйгээр уялдуулсан хяналтын тогтолцоо байдаггүйгээс, газар олгох, барилга барих зөвшөөрөл олгогчид төлөвлөлт, тооцоололд бус, өнгө мөнгөнд захирагдаж шийдвэр гаргадгаас хуулийн эдгээр зохицуулалтыг гууль болгож орхидог аж.
Улаанбаатар хотын нягтралын тооцоог олон улсын жишгээр орон зайн өгөгдөлд суурилан жил бүр автоматаар шинэчилдэг дижитал системд шилжүүлж, цаг хугацааны давтамж харгалзахгүй тогтмол хянадаг болгох шийдлийг хот төлөвлөгчид, мэргэжилтнүүдийн зүгээс нийслэлийнхэнд санал болгож, зөвлөдөг ч хүлээж авдаггүй гэх. Д.Сумъяабазар хотын дарга байхдаа орон зайн дүн шинжилгээний зориулалттай, 294 мянга гаруй барилга, байгууламж бүртгэсэн, хот байгуулалтын мэдээллийн санг бий болгосон ч өнөөх нь боловсронгуй бус учраас газрын асуудлыг цэгцлэхэд нэмэр тус үзүүлээгүй гэх. Үндсэндээ Улаанбаатар дахь барилгажилт, газар ашиглалтын богино хугацааны хяналт алдагдсан, урт, дунд хугацааныхыг нь хот төлөвлөлтийн баримт бичиг, хууль, дүрэм, журам боловсруулах, шинэчлэх шаардлагын хүрээнд алдаг оног хийж иржээ.
Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд нийслэлээс энэ чиглэлээр хийж буй судалгаа, тооцооллыг бодитой, эсэхэд эргэлзэдгээ хэллээ. Архитектур Д.Баясгалан “Олон улсын жишигт нягтрал өндөртэй хот, суурин газрууд барилга, байгууламж барих, томоохон бүтээн байгуулалт хийх зөвшөөрөл олгохоос өмнө тээврийн нэгдсэн сүлжээ (MRT) болон нийгмийн үйлчилгээний маршрутыг цогцоор нь төлөвлөж, үүнд зориулсан орон зайгаа хамгаалдаг. Гэтэл Монголд нийтийн эзэмшлийн, нийгмийн үйлчилгээний орон зайд ямар ч хяналтгүй халдаж, барилга, байгууламж бариулдаг. Даац хэтрэхээс нь өмнө газар ашиглалтын хязгаар тогтоох байтал дийлэнх тохиолдолд хожимдсоных нь дараа шийдвэр гаргадаг. Саяхан л гэхэд нийслэлийн Засаг дарга “Нягтрал өндөртэй бүсүүдэд шинээр орон сууц барих зөвшөөрөл олгохгүй. Зөвхөн сургууль, цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж бий болгох, эсвэл газрын эрх шилжүүлэн солих шийдвэрийг хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн. Энэ бол баяр талархалтайгаар хүлээж авах шийдвэр биш, маш харамсалтай мэдээ. Хотын орон зай, ашиглах боломжтой нөөц газрын хэмжээ жил ирэх тусам хумигдаж, барилгад шахагдаж байна” гэсэн юм.
Өөр нэгэн мэргэжилтэн “1950 оноос хойш нийслэлийн барилгажилтын хэмжээ ес дахин өссөн байхад нийтийн зориулалттай зам, талбай ердөө 0.1 хувиар тэлжээ. Ганц энэ тоо л манай хотын удирдлагууд Улаанбаатарын газар ашиглалтын даац, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто замын сүлжээг цогцоор нь шийдэлгүйгээр, орон сууц, худалдаа, үйлчилгээний барилга, байгууламж олноор бариулж ирсний үр дүн. Газар ашиглалт, барилгажилтын нягтралыг бодитой тооцож, түүндээ нийцүүлэн хотоо төлөвлөж чаддаггүй учраас өнөөдөр нийслэл чөлөөтэй орон зайгүй болтлоо барилгад эзлэгдлээ. Өнөөгийн Улаанбаатарын тулгамдсан асуудал болох утаа, түгжрэл, цэцэрлэг, сургуулийн хүртээмж, гурван ээлжээр хичээллэдэг тогтолцоо, зам, талбайн мухардал зэргийн суурь шалтгаан нь ердөө энэ” хэмээн байр сууриа хуваалцжээ.
Хэт нягтралын хамгийн хортой үр дагавар нь нийгмийн дэд бүтцийн хомсдол аж. Хот байгуулалтын тухай хууль, үүнийг дагалдуулан баталсан Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын зураг төсөл боловсруулах журам болон дээр дурдсан норм, дүрэмд зааснаар барилга, байгууламжийн суурийн талбайг нийт газрын 70 хувиас хэтрүүлэхгүй зайд төлөвлөж, үлдсэн 30 хувьд нь явган хүний зам, ногоон байгууламж, тоглоомын талбай зэргийг байгуулна гэж заасан байдаг юм билээ. Даанч энэ заалт амьдралд хэрэгждэггүйгээс нийслэлчүүд өдгөө чөлөөтэй алхах орон зайгүй, машинаа байрлуулах, хүүхдээ тоглуулах талбайгүй, түймэр зэрэг гэнэтийн аюул эрсдэл тохиосон, эмч, эмнэлгийн тусламж хэрэгтэй үед яаралтай үйлчилгээг цаг алдалгүй авах боломжгүй нөхцөлд “шавааралдан” амьдарч байна. Энэ бол амьдрах орчны маш том эрсдэл юм. Олон улсад үүнийг хүний эрхийн системийн зөрчил гэж үздэг.
Н.Мишээл