АН-ын дарга Н.Алтанхуяг Хөвсгөл аймагт ажиллалаа -
Тус намын дарга Хөвсгөлд аймагт ажиллаж, тэнд нэр дэвшиж буй Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нараа дэмжив. Мөн иргэд сонгогчидтой уулзлаа. Уулзалтад, жагсаалтаар нэр дэвшигч Ж.Батболд, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Ц.Сэдванчиг, Хөвсгөл аймгийн АН-ын дэд дарга Ч.Ганбаатар нар оролцсон юм. Энэ үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг “Монгол орны хоймор, ардчиллын өлгий нутгийнхны ардчиллын түүхэнд оруулсан хувь нэмэр их. Энэ жил АН 76 шилдэг охид, хөвгүүдээ та бүхэнд илгээж байна. Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нарыг дахин дэвшүүлсэн. Хоёр гишүүн маань өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд бодлогын олон чухал асуудлыг шийдэхэд гар бие оролцсоныг та бүхэн мэдэж байгаа. Энэ жил АН өнгөтэй байна.
Ард түмэн ч баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл “Одоо нэг өөрчлөөд үзье, ардчиллынхандаа итгэл үзүүлэх цаг нь болжээ” гэцгээж байна. Бид сурталчилгааны нээлтээ Алтай таван богдоос эхлүүлж, зүүн хязгаарт өртөөлүүлж, өнөөдөр арав гаруй аймагт ажиллахад байгаль дэлхий хур бороогоо илгээж, ардчиллын ялалтыг уриалан дуудаж байна. Энэ өдрүүдэд Монгол орон даяар ардчиллын цэнхэр салхи, ардчиллын хур бороо асгарч буй нь сайн цагийн бэлгэдэл дохио гэж бэлгэшээж байна. Хэдхэн хоногийн дараа сонгуулийн өдөр ардчиллын хур орон даяар буух нь ээ. Үүнд хөвсгөлчүүдийн маань үүрэг оролцоо чухал. Ардчиллын өлгий нутгийн ардчилагчид минь энэ удаад төр түшилцсэн эрхэм түшээддээ дахин итгэл үзүүлж, ардчиллын сонголтоо улам баталгаажуулаарай. АН, Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нарыг хамтад нь дэмжээрэй” гэлээ.
Мөн жагсаалтаар нэр дэвшигч Ж.Батболд хүн төвтэй “Монгол хүн” хөтөлбөрийг тайлбарласан байна. Үүний дараа тус намын дарга Н.Алтанхуяг ухуулагч, шадар туслахуудтай уулзжээ. Тэд сурталчилгааны материал тараахад хүндрэлтэй байна, ухуулагч нарыг мөрдөж дарамталж, эд зүйлсийг нь булааж, штабын гэр рүү нь МАН-ынхан удаа дараа дайрсныг мэдэгдсэн байна. Мөн аймгийн сонгуулийн хэсгийн хороо нэг намын нөлөөгөөр ажиллаж, МАН-ын нэр дэвшигчтэй холбоотой гомдол маргааныг шийдэхгүй байгаа. Аймгийн Цаг даагийн газар сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МАН-ын талд ажиллаж, ухуулагч нарыг дарамталж, цагдан хорьж байгааг ч тэд ярьжээ. АН-ын дарга энэ асуудлаар арга хэмжээ авахаа тэдэнд илэрхийлсэн байна. Уулзалтын төгсгөлд Хөвсгөл нутгийн залуусын төлөөлөл Ардчилсан намыг сонгож буйгаа илэрхийлж намын батлахаа гардан авлаа.