“Олуулаа хөгжих үү, цөөхүүл нь хөлжих үү” гэж АН-ынхныг асуухад аминдаа баярлаж “Олуулаа хөгжье” гэж аман дотроо бувтнаж явлаа. Өчигдөрхөн энэ асуугаад байгаа юмных нь хариултыг олж ёстой шал дургүй хүрэв. Үнэн хэрэгтээ монголчууд бид хөлжсөн цөөнхийн дарангуйлалд байжээ. Сүүлийн арван өдөр “Алтан тариа”-гийн гурил нүдний гэм гэх яриа амнаас ам дамжаад байлаа. Авгайгаасаа асуулаа. “Тиймээ өвгөөн, “Алтан тариа”-гийн гурил ховордсон” гэж байна. Гэрийн хажуу дэлгүүрт байхгүй болохоор ховордсон гэж байгаа юм байлгүй гээд хүнсний захаар явлаа. Контейнерийн наймаачидтай уулзлаа. Үнэн байна.
-Ойрд “Алтан тариа” атга ч гурил гаргахгүй байгаа. Үнээ нэмэх болохоороо хэдэн өдөр хаалгаа тас түгжчихдэг юм гээд захынхан андахгүй байна. Уг нь бензиний үнэ нэмэгдэхэд гурил үйлдвэрлэгчид үгсэж ирээд үнээ нэмдэг. Хууль зөрчлөө гэж Шударга өрсөлдөөний газраас банга хүртдэг, бас торгуулдаг ч тал бий. Шатахуун, гурилын наймаачид үгсэх талаараа бол нэг тэрэгний хоёр дугуй. Шатахууны үнэ харин ойрд хаа очиж, тогтвортой байгаа. Гэтэл яагаад “Алтан тариа” гурил гаргахаа болив? Яагаад гэвэл “Алтан тариа” компани АН-ын улстөрчдийнх, тэд гурилаар сонгуульдаж буй юмсанж. Тодруулж хэлбэл боссууд нь ноён Баабар ба Цэнгүүн. 1996-2000 онд З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байхад нь тэд хувьчилж авсан байдаг.
”Алтан тариа” компанийн захирал нь АН-ын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. Судлаад үзтэл Монголын гурилын зах зээлийн 60 гаруй хувийг АН-ын гишүүд барьдаг юм байна. Дээр хэлсэн АН-ын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Цэнгүүний “Алтан тариа” компани манай гурилын үйлдвэрлэлийн 40 хувь, Женко Баттулгын “Милл хаус” ХХК 24 хувийг эзэлдэг. ”Шударга ёс” эвслээс нэр дэвшигч н.Ганбатын “Хангай миллс” зах зээлийн 20-иод хувь, МАН-ын Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил” ХХК хэрэгцээний 20 хувийг хангаж байна. Гурилын үнэ нэмэгдэх буюу ховордоход буруутай эзнийг хайх хэрэггүй боллоо. АН-ын гурилын үйлдвэрийн эзэд үнэ ханшийг нааш цааш болгож нааддагийг ойрын өдрүүдэд сонгуультай холбогдуулан гурилыг ховор бараа болгосон “Алтан тариа”-гийн үйлдлээс харж болох нь.
Ядарсан ард түмнийхээ нуруун дээр ачаа үүрүүлж хөлжиж байгаа ардчилагчдын олуулаа хөгжье гэсэн нь ор хоосон уриа аж. Харин цөөнх нь цаанаа хөлжиж, наанаа олуулаа хөгжье гэж ард иргэдийг хууран мэхэлж байгаа нь АН-ынхны үйлдлээс нэгэнт тодорхой боллоо. Монголчууд бидний үндсэн хэрэглээ болсон махны үнэ тэнгэрт хадаад байгаа нь ч АН-тай холбогдож байна. Женко Баттулгын “Мах импэкс”, АН-ын дарга Н.Алтанхуягийн “Мах экспорт”, ”Жаст”-ын Батхүүгийн компани Монголын махны нийлүүлэлт, ханш ямар байхыг тодорхойлж байна. Мах, гурилын үнийг хөөрөгдөж өөрсдөө хөлжихийн хажуугаар Засгийн газрыг шахдаг цөөнхийн дарангуйлалд Монгол Улс оржээ. “Хөдөө аж ахуйн биржийн хууль” батлагдаж, ирэх намраас малчдын гар дээрээс дундын зуучлагчгүй мах авч зах зээлд нийлүүлдэг болно.
Улсын хэмжээний энэ сүлжээ үүсэхээс өмнө мөнгө, улс төр хоёрыг зэрэг хийгээд авахыг санаархаж ард олноо мөлжиж байгаа нь арай дэндсэн хэрэг биш гэж үү? Н.Алтанхуяг, Цэнгүүн, Женкогоос хамаарсан цөөнхийн дарангуйлалтай орон болсныг дахин дахин хэлмээр байна. Шатахуун ч ялгаагүй, АН-ын Батхүүгийн “Шунхлай”, Ганзоригийн” МТ”, МАН-ын Ж.Оюунгэрэл мэтийн хэдхэн хүнээс л хамаардаг. Үгсэн нийлж үндэсгүйгээр үнэ нэмсэн шатахуун импортлогчдыг Шударга өрсөлдөөний газраас 10 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан ч тэгс ингэсхийгээд өнгөрсөн. Мах, гурил, бензин зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлийг атгагчдыг харахад 90-ээд онд бүгдээрээ солих гонжоомгүй, барих цүнхгүй “гарууд” л байсан. Тэдний дийлэнх нь 20 гаруй жил саарал ордныг эзэгнэсэн хүмүүс. Ингээд бодоход эд нар аман дээрээ ардчилал ярьж ачир дээрээ ард түмний нуруун дээр сууж хөлжсөн цөөнх мөн ажээ.