УИХ-ын сонгуульд иргэдийн өгсөн саналыг автомат машинаар тоолох хуулийн заалттай. Харин 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан санал тоолох машинд яагаад ч итгэж болохгүй тухай баримтат нэвтрүүлэг зургаадугаар сарын 16-ны өдөр “Ийгл” телевизээр гарлаа. Санал тоолох машин ямар хуудуутай болох, энэ машиныг ашиглан аймшигтай луйвар хийж, сонгогчдыг хэрхэн доромжилдгийг нотолсон багийн гишүүн хижээл насны эмэгтэй нулимсаа барьж чадахгүй байгаа нь өөрийн мэдэлгүй түгшүүр төрүүлсэн юм.
Манайх санал тоолох машинаа Америкийн “DOMINION VOTING” компаниас авсан. Энэ компанийн машиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах үеэр гэнэт гацаж, үүнээс болж сонгуулийн дүнгээ гаргаж чадахгүй 10 хонож байсан тохиолдол ч байдаг юм байна. Машинаас болж улс орон сонгуулийн дүнгийн хүлээлтэд орж, Жорж Буш, Альберт Гор нарын хэн нь улсынх нь ерөнхийлөгч болсныг америкчууд санал хурааснаас хойш 10 хоногийн дараа л мэдэж байжээ. Санал тоолох машин 300 хүн санал өгснийг 4.0 сая хүн өгсөн гэж дүгнэсэн тохиолдол ч гарсан байна. Энэ машиныг Америкаас оруулж ирэх саналыг анх З.Энхболд гаргасан байдаг.
“DOMINION VOTING” компани санал тоолох машинуудыг манайд худалдаалахдаа зөвхөн Монголд зориулж программ зохиосон, эсэх нь мэдэгдэхгүй байгаа юм. Систем нь хэний өмч вэ гэдэг нь ч бас тодорхойгүй. Ийм нэгэн өндөр үнэтэй, эргэлзээ бүхий машинаар монголчууд та бид төрийн сонгуулийн хувь заяагаа шийдүүлэх гэж байна. Улстөрчид, иргэдийн хэн хэн нь санал тоолох автомашины ажиллагаанд ихээхэн эргэлзэж, түгших болжээ. Машин тоолсон саналын хуудсыг гараар давхар тоолохгүй бол бөөн будлиан болж, долоодугаар сарын 1 давтагдах вий дээ гэж олон хүн түгшиж байна.
СЕХ, улс төрийн намууд санал тоолох машины найдвартай, эсэхийг олны өмнө нээлттэй шалгаж, харуулахгүй бол болохгүй нь. Эргэлзээтэй машинаар тоолсон саналын хуудаснаас болж улс оронд тогтворгүй байдал үүсэх ёсгүй гэдгийг төрийн гурван өндөрлөг анхааралдаа авч, асуудлыг яаралтай нэг мөр болгох шаардлагатай байна.