Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо тодруулж хэлбэл, Дулааны цахилгаан станц III –ын ойролцоо орших өрхүүд 800 км-ын цаанаас тог татаж, амь зуусаар өнөөдрийг хүргэжээ. Айлаас газраар дамжуулж тог татдаг болохоор хулгайч нар кабель утсыг нь тэсгээхгүй шөнө дөлөөр тас татаад аваад явчихдаг гэнэ. Бараг зуршил болсон эл хулгайн харгайгаар оршин суугчид байсхийгээд л кабель утас худалдаж авах эрэлд морддог. Дээр нь цахилгааных нь сарын төлбөр дийлддэггүй, дор хаяж 30-40 мянган төгрөг гардаг, түүнээс гадна алдагдлын мөнгө гэж 10 мянган төгрөг нэмж төлөх шаардлагатай болдог. Хэмнээд байхад л алдагдлаа оруулаад тооцохоор нэг өрх сард 50 мянган төгрөгийг зөвхөн тогны төлбөрт төлөх шаардлагатай болдог аж. “Тогны төлбөр өндөр гараад байна” гэж заргалдах ч аргагүй, хэл ам хийвэл тоггүй сууна. Яагаад гэвэл тогны ченж нь хувь хүмүүс болохоор. Тоггүй суухаар хоол ундаа хийж чадахгүйгээс эхлээд гар утсаа цэнэглэх бололцоогүй. Зуны цагт бол бүр амаргүй, хөргөгч, хөлдөөгчин дэх мах муудаж, сүү гашилна.
Мөн эндэхийн оршин суугчдын өнөөдрийг хүртэл шийдвэрлүүлж чадаагүй асуудал нь автобусны зогсоол нь алсад оршдог гэнэ. Нэг буудал хэрээтэй газар алхаж явж, автобусанд суудаг. Ингэхдээ хойд зүг рүү алхахад хуучнаар Хотш банкны орчмоос автобусанд суух бол урд зүг рүү зүтгэсэн нь Дулааны цахилгаан станцын өмнө орших буудал хүрч, хөл дүүжлэх унаатай золгодог аж. Томчуудын хувьд алхаад байж болох ч бага ангийн сурагчдын хувьд өвлийн цагт амаргүй даваа. Эрт харанхуй болдогийг хэлэх үү, ядахад дунд сургуулиудын анги танхимын хүрэлцээ муугаас зарим нь гурван ээлжээр хичээллэдэг. Ийм сургуульд сурдаг сурагчийн хувьд харанхуйд буудал хэрээтэй газар явганаар айж эмээн бүдчүүлсээр гэртээ ирдэг.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдээ бол эцэг, эхчүүд үүрч дүүрсээр өвлийг давдаг. Тиймээс эндхийн оршин суугчид УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл, НИТХ ын сонгуульд нэр дэвшсэн Д.Байдраг нарыг эл асуудалд анхаарлаа хандуулж тогтой, автобусны буудалтай болгож өгөхийг хүслээ. Уг нь хотын төвд шахам, тэр тусмаа Дулааны томоохон цахилгаан станцын дэргэд нь амьдрах хэрнээ хөдөөгийн малчдаас долоон дор зарим тохиолдолд лаа барьж амьдарч байна гэхээр итгэмээргүй. Гэвч өнөөх хэл ам таталсаар байгаа дэд бүтцийг төр ядарсан зүдэрсэн иргэд рүүгээ татахгүй хэрнээ өнгөтэй, мөнгөтэй компаниуд руу шууд татчихдагийн жишээ гэж харах нь амьдралд илүү нийцэх тайлбар мэт.
Ямартай ч УИХ-ын гишүүн Л.Болд нийслэлийн гэр хороолол руу дэд бүтэц татаж, амины орон сууцанд амьдрах боломж нөхцөлөөр хангах бодлогыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө гол зорилго болгон тавьснаа онцоллоо. Мөн УИХ-ын нэр бүхий найман гишүүний хамтаар экспортын нүүрс, төмрийн хүдэрт долоон хувийн татвар ногдуулахаар хуулийн төсөл санаачлан УИХ ын даргад өргөн мэдүүлснээ дуулгав. Эл төслийг УИХ баталснаар жилдээ 400 орчим тэрбум төгрөг татварт төвлөрнө. Түүнийг зөвхөн нийслэлийн гэр хороолол руу дэд бүтэц тавих хөрөнгийн эх үүсвэр болгон зарцуулна. Дөрвөн жилийн хугацаанд төвлөрөх эл татварын орлогоор Улаанбаатар хотын гэр хороолол жинхэнэ орчин үеийн амины орон сууцны хороолол болж хувирах бололцоотой. Тиймээс Арддчилсан нам гэрэл цахилгаангүй сууж байгаа, нийтийн тээврийнхээ үйлчилгээнээс хол байгаа иргэдэд дэд бүтцийг хамгийн тэргүүн ээлжинд хүргэх бодлого барьж ажиллахаа мөн хэлсэн юм.
Тойрогтоо юу хийв ээ гишүүн ээ?
УИХ-ын гишүүн Л.Болдод хандан тойргийнх нь сонгогчид дээрх асуултыг тавилаа. Арга ч үгүй биз, тэрбээр 2008 оны сонгуульд эл тойрогт нэр дэвшин өрсөлдөж, хоёр мандатынх нь нэгийг өвөртөлсөн. Харин нөгөө нэг мандатыг нь УИХ ын гишүүн Д.Загджав авсан ч, түүнийг намаас нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлээгүй тул Л.Болд гишүүн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа ганцаараа тайлагнаж яваа билээ. Уг нь МАН аас энэ тойрогт УИХ ын гишүүн Ц.Батбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав нарыг сойсон ч ХанУул дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар ажил хийгдсэнийг мэдэхгүй тул Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлаар л жаахан гул барьдаг юмдаг уу даа, сонгогчид “Тойргоо сольсон гологдлуудад үнэндээ ХанУул дүүрэгт юу хийснийг хэлчих ухаан алга” гэх юм билээ.
УИХ-ын гишүүн Л.Болдын өөрийнх нь тайлбарласнаар тойргийнхоо иргэдийн хүсэлтээр 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүүгүйгээр олгожээ. Хүүгүй зээлийн хүчээр үйлдвэрлэгчид өөрсдийгөө ажлын байраар хангаад зогсоогүй бусдыг ч ажилтай болгосон. “Яармаг” худалдааны төвийг байгуулснаар 100 иргэн тогтмол ажлын байраар хангагдсан. Иргэд “Наран туул” худалдааны төв явж цаг алдахгүй дэргэдээ шахам байгаа захаараа үйлчлүүлчихнэ. Шувуун фабрикт агро фарк байгуулсан, 400 сая төгрөгийн өртөгтэйгээр. Одоо 130 өрх хүнсний ногоо тариалж байгаа, өөрсдийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй нийслэлчүүдэд баталгаатай хүнс нийлүүлэх бололцоо мөн энэ ажлын хүрээнд хангагдсан. Мэдээлэл технологийн фаркийг сургууль бүрт байгуулж өгсөн, сурагч бүр компьютер дээр ажиллаж интернэтээр аялж дэлхийн сонин хачныг уншиж мэдэхээс гадна технологийн дэвшлээс суралцана. Нийслэлийн 41 дүгээр дунд сургуулийг түшиглэн хөл бөмбөгийн талбай байгуулж өгсөн, энэ нь улсад жишиг болохуйц талбай болсон.
Өнөөдөр хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх энэ мэт газар ховор. Цаашид бүх сургуулиуд ийм хөлбөмбөгийн талбайтай болоход ирээдүйд олимпийн аваргууд ч төрж мэднэ. Мөн дүүргийн эмнэлэгт улсын клиник эмнэлгүүдэд байхгүй нарийн шинжилгээний аппаратуудыг суурилуулж өгсөн, энэ бол иргэдийнхээ эрүүл мэндэд бодитой хөрөнгө оруулалт хийх гэсэн туйлын хүслэн нь байсан. Дүүргийн иргэдээс хэн нь түүнд очоод оношлуулж эмчлүүлэх бололцоотой. Мөн өрхийн эмнэлгүүдийг авто машинаар хангасан. Багахангайд ахмадын сувилал байгуулсан, энэ сардаа багтаад ашиглалтад орно. Түүнд Хан Уул, Багануурын иргэд очиж сувилуулах боломжтой. Иргэний танхимыг Хан-Уул, Багануур, Багахангай дүүргүүдэд тус бүр байгуулсан, иргэд тэнд очоод хэлэлцүүлэг өрнүүлэх боломж бүрэн нээгдсэн.
Биокомбинатын авто замыг шинэчлэн засах хүрээнд эхний ээлжинд гурван тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Ажил нь эхэлсэн явж байгаа, ирэх жилүүдэд хөрөнгийг тодорхой хэмжээгээр суулгаад явахаар Биогийн зам шинэчлэгдэнэ. Нийт замын өртөг нь 30 тэрбум төгрөгийг шаардаж байгаа аж. Түүнээс гадна өмнөх сонгуулиар амласан иргэн бүрт байгалийн баялгаас хувьцаа олгох санаачлагаа хэрэгжүүлсэн. Хэрвээ иргэдэд хувьцаа олгох амлалтаа биелээгүй бол миний улстөр дуусах байсан, эргэж би тойрогтоо нэр дэвших эрхгүй болох байсан юм гэж УИХ ын гишүүн Л.Болд хийсэн ажлынхаа зах зухаас ийн тайлагнав.
Хувийн хэвшлүүд бага хөлсөөр хөдөлмөрлүүлж байна
Гуравдугаар хорооны иргэд “Хятад иргэд Монгол хүний ажлыг байрыг булааж дууслаа. Улаанбаатараар дүүрэн ажилгүй залуус хөлхөж байхад яагаад Хятад улсаас ажиллах хүчин оруулж ирээд байна вэ. Монголчуудын хийдэг ажлыг л тэд хийдэг. Энэ урдхан талд байрлах хөөсөнцөрийн үйлдвэрт өч төчнөөн хятад. Өнөөдөр ажлын байрыг булаалаа, маргааш газар нутагт маань эзэн суухыг хэн байг гэх вэ. Монголын төр нүд, чихгүй болоо юу” хэмээн асуудал хөндлөө. Үнэндээ ч авто зам, барилгын салбарт хятад иргэд олноороо ажиллаж байгаа төдийгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг өндөрт хүргэхэд гол хүч болно гэж үзэж буй Оюутолгойн ордод ч урд зүгийнхэн ажилладаг.
Тавантолгойн ордоос олборлож байгаа нүүрсийг Хятад руу тээвэрлэх ажлыг ч хятад иргэд гүйцэтгэдэг, дээр нь төмрийн үйлдвэрээс эхлээд жоншны үйлдвэрт мөн л тэд ажиллаж байна гэх гомдлыг бусад хороодод нэр дэвшигчдийг ажиллах үед хөндөгдөж байсан нь энэ асуудалд Монгол төрийн хар хайрцагны бодлого үгүйлэгдэх болсныг гэрчлэх мэт. Мөн тус хорооны иргэдийн учирласнаар үндэсний компаниуд монголчуудаа ажиллуулахаар цалинг нь цагт нь олгодоггүй. Хагас, бүтэнгүй ажилуулдаг хэрнээ хамгийн бага хөлсөөр цалинжуулдаг. Мөнгө төгрөгийн бололцоо нь болохгүй ингэж хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байна уу гэхээр хятад иргэдэд хамгийн өндөр цалин олгодог.
Хийдэг ажил нь адил хэрнээ ийм тэгш бус хөдөлмөрийн үнэлэмжийг үндэсний компаниуд тогтоосон нь эл асуудалд дорвитой реформ хийх шаардлага бийг харуулав. Үүнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл “Ардчилсан нам монгол хүнээ ажилтай, орлоготой байлгахын тулд Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулахаар бодлого боловсруулсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам өнөөдөр БНСУ-д монголчуудаа ажиллах хүчнээр гаргах, Хятадаас ажиллах хүчин оруулж ирэх гэсэн аргачлалаар хөдөлмөрийн зах зээлийг зохицуулж байна. Хэрвээ Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулчихвал хөдөлмөрийн зах зээлээ яаж гадаадын ажиллах хүчнээс хамгаалж, монголчуудаа ажлын байраар бүрэн дүүрэн хангах вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллах болно” гэсэн хариулт өгч энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.
Г.Дарь