УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өчигдөр Зайсан толгойд амьдарч байгаа гэр хорооллын иргэдтэй уулзсан байна. Арван жилийн өмнө Э.Бат-Үүл баатар иргэд, тариаланчдад газрыг нь өмчлүүлье хэмээн тэмцэж, Сүхбаатарын талбайд трактор жагсааж байсан. Гэвч үүнийг нь зарим нам мушгиж, газар олгохын эсрэг байсан мэтээр мэдээлж буй аж. Энэ талаар тэрбээр “Арван жилийн өмнө намайг цагдаа нар бүсэлж, авчирсан тракторуудыг маань эвдлэн Сүхбаатарын талбайгаас хөөж байлаа. Тэр үед би гэр хорооллынхонд заавал газрыг нь өмчлүүлнэ гэж өөртөө тангарагласан. Зорьсноо биелүүлж, гэр хороолол руу инженерийн шугам татахаар нийслэлийн сонгуульд нэр дэвшиж байгаа” хэмээн ярьжээ. Зайсан толгойн ойр орчмын айл өрхийн газрыг шохоорхож, иргэдийг нь хөөж, орд харшаа босгож буй тохиолдол олон. Газраа сахиж үлдсэн цөөн айл орон сууцанд орох хүсэлтэй ч үнийг нь дийлдэггүйгээ, бас “Газраа зараач” гэсэн “дарамт” дор амьдардгаа түүнд учирласан байна. Тиймээс гэр хорооллыг хямд өртгөөр амины орон сууцны хороолол болгох Э.Бат-Үүлийн санаачилгыг иргэд дэмжиж буй аж. Мөн тэрбээр өнөөдөр НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Г.Мөнхбаяртай “Ийгл” телевизээр халз мэтгэлцэхээр болсон байна. Энэ хоёр эрхэм үнэн хэрэгтэй бол Улаанбаатар хотын даргын суудлын төлөө хүч үзэж байгаа билээ.