
“Foreign Poliсy” сэтгүүл болон Америкийн Энхтайвны сангаас найм дахь удаагаа дэлхийн улс орнуудын Засгийн газруудын хянах чадварын чансаа “Failed states Index 2012”- ыг гаргалаа. Энэ чансаа нь тухайн орны Засгийн газар нь газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, эдийн засаг, улс төр, үндэстэн ястны асуудлыг хянаж чадаж буй эсэхийг илэрхийлдэг аж. Уг индексийг гаргахдаа тухайн улсад жилийн турш гарсан будлиан маргааныг хэмжих тусгай систем “Conflict Assessment System Tool”-ын аргыг хэрэглэн нийгэм, эдийн засаг, цэрэг-улс төрийн гэсэн гурван бүлгийн нийт 12 хэмжүүрээр тооцдог байна. Хэмжүүр бүрийг 0-10 онооны системээр дүгнэдэг бөгөөд бага оноотойг нь амгалан тайван гэж тодорхойлдог аж. Энэхүү чансаагаар Монгол Улс 58.7 оноогоор 129 дүгээр байрт жагсаж дунджаас дээгүүр хэмжээний тогтвортой орон буюу аюул багатай орны тоонд багтжээ. Манай улс 2009 онд 127, 2010 онд 129, 2011 онд 127 дугаар байр эзэлж байсан бол энэ удаад чансаа нь хоёр байраар ухарсан байна.