Ардчилсан Намын сонгуулийн пиар тас хар байгааг дууны клип, үндсэн уриа, уур цухлаар бүтсэн мэдээ бүрээс харж болно. Монгол бол улс шиг улс биш гэж хэлэв.
Ардын хүүхдийн багш бүсгүйгээр “Монголд нар байхгүй” гэж хашгичуулан цаас урж шидүүлэн дөвчигнүүлж байна. Дууны клипэнд цагдаагаар залуучуудыг зодуулж, нүдүүлж байна. Нийтлэлчээр ард түмнээ сэнхрүүлэн шаардууллаа.
33 МЯНГАН БАГШИЙН ДУРГҮЙЦЛИЙГ ӨДӨН ДУУДСАН КЛИП
Сөрөг хүчний сонгуулийн кампани хар пиар ихтэй байдаг нь түгээмэл боловч долоодугаар сарын 1-нээс хойш үймээн самууныг жигшсэн нийгэм багш, цагдаа нарыг өдөж буйд нь дургүйцэж байна. АН-ын сонгуулийн штабын гаргасан алдаа олон нийтийг бухимдуулахыг хичээхдээ хэт хиймэл клип, реклам цацсанд оршино. Амьдрал дээр ямар ч багш ангидаа “Нар байхгүй” гэж хашгиран, цаас урж шидлэн, сурагчиддаа агсам тавин улстөржихгүй. Одоо ажиллаж байгаа 33 мянган багшийг шууд өдсөн хэрэг болж байна. “Оньсыг тайлах эрдмийн үүдийг нээж өгөгч Та, Оюун бодлын нээлттэй замыг зааж өгөгч Та” гэх зэрэг багш нараа магтан дуулсан бүхнийг үгүйсгэсэн болж таарав.
Өнөөдрийн багш нар ч биш эрдэм ном заасан багштай хэн бүхэнд дагаад аялах нь битгий хэл сувгаа солих шалтгаан энэ болж байна. Цагдаа нар олуулаа хэдэн залуусыг боорлон зодож байгаагаар үзүүлснээрээ тө- рийн сүлд магнай дээрээ залсан аавын хөвгүүдийн ажил мэргэжлийн нэр хүндэд халдсан, тэр нь долоодугаар сарын 1 дахин бүү болоосой гэсэн олон нийтийн хүсэлт оргил дээрээ байгаа үед гал дээр тос нэмж, АН-аас сонгогчдыг бүр түлхэж эхэллээ.
МОНГОЛ ХҮН ХҮН БИШ, МОНГОЛ УЛС УЛС БИШ ҮҮ?
Үндсэн хуультай, дархан хилтэй, НҮБ-ын гишүүнчлэлтэй, өөрийн өв соёлтой, алдаа оноотой ч, асуудал бэрхшээлтэй ч тусгаар тогтносон улсаа улс биш гэсэн агуулгатай уриа эх оронч дургүйцлийг дэвэргэж орхив. Бичиг үсэггүй, бүдүүн бараг малчин хүн ч зуун жилийн өмнө туурга тусгаар Монгол улс гэж бодож чаддаг байсан түүхийн сануулга АН-ын утгагүй урианд зориулагдаж байна. 99:1, эзэлье, түрэмгийлье гэсэн америк маягийн суртал ухуулгыг үндэсний өв соёл, өөрийн сэтгэлгээний онцлогт тохируулахгүйгээр шууд хуулбарлабал тохирдоггүйг манай биш Азийн жишээ нотлон харуулдаг. Солонгост л гэхэд Ханнара нэрээ Сэнүри болгож өөрчилсөн эрх баригч нам дөрөвдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулсан гол шалтгааны нэг нь эдний Ардчилсан нам америк кампанит ажлыг шууд хуулбарласантай холбон авч үзэж байна. Эзэлье, уухай гэсэн хашгираан Солонгосын сэхээтнүүдийн өргөн дургүйцэлтэй тулгарсан хэрэг.
Хүн биш гэсэн үг хэллэг ч халаасандаа 500 төгрөгтэй байлаа ч дэлхийн хэрэгт дурлаж чаддаг, омог бардам монгол хүний нэр төрд халдсан явдал тооцогдож эхэллээ. “Монгол омогшил” хэмээх ойлголтыг АН-ын гол суртал ухуулагч “Өвөр монголоор уурлана гэсэн үг” гэж цэцэрхэх зэргээр олон ний тийн бахархал, сэтгэл рүү ус цацчих юм. Ерэн долоон онд бааранд тайчигч явсан нөхөр уурлаж байна, “Та нар хүн шиг амьдрахгүй байна” гэж загнаж. Газар хувьчлахыг эсэргүүцэн Сэлэнгээс 200 трактор авчран талбайд жагсаж байсан Э.Бат- Үүл өнөөдөр хотын газрын төлөө болчихсон цохиж явна. Н.Алтанхуягийн хамтарсан Засгийг газарт орохоос өөр аргагүй, орсон хойноос ажиллахаас өөр аргагүй, сонгууль дөхөхөөр гарахаас өөр аргагүй болсон нэг хүний гурван өөр нүүр ч олон нийтийн санаа бодолд тод байна.
БУСДЫГ МУУЛЛАА ГЭХЭД ӨӨРСДӨӨ ХЭН БЭ?
Бусдыг муулах нь сонин байж болох ч өөрсдөө бүхнээс илүү гэсэн баталгаа биш. Өөрсдийнхөө хэн бэ, юуг яаж хийж чадах вэ гэдэгт анхаарал хандуулахгүй байна. Монгол Ардын Намын 10000 үйлдвэрийн үүдийг нээнэ, жижиг, дунд бизнесийн 150 тэрбумын зээл жил бүр олгоно гэх зэрэг тодорхой заалт, тоо баримт айлын хаалгаар орсны хариуг хоосон лоозонгоор арилгаж байгаа юм. Ардчилсан нам сөрөг хүчний байрлалд тоглох гэсэн боловч гурван жил хагас хамтарсан Засгийн газарт байсан нь саяхны бодит баримт.
Сөрөг хүчин байсан юм бол бүрэн эрхийн хугацааны 75 хувьд нь яах гэж хамтарсан юм бэ? Хамтарсан юм бол яагаад сонгууль болохоор хаяж гарсан юм бэ? Бүгд хариулт муутай асуултууд. АН-ын удирдлагын талаар гэвэл урьд өмнөх дарга нартай нь харьцуулахад нэн сул. Нийгэмд огт танигдаагүй гэж хэлж бүрэн болох Н.Алтанхуягийг Ц.Элбэгдоржтой, М.Энхсайхантай харьцуулахад олон нийтэд бодлого, зорилтоо хүргэх, сонгогчдыг татаж цуглуулах нэр хүнд, мэдлэг боловсрол, боломж маш бага. “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана” гэдэг. МАН тэсвэр тэвчээр заан, хийсэн ажил, хийх ажлаа ярьсаар цагаан нь хараа, зөөлөн нь хатуугаа давдаг гэдгийг харуулж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар МАН-ын рейтинг АН-ынхаас түрүүлж, хоорондын зай нь холдож эхэлжээ.
Судлаачдын “Болортоль” клуб