Хэсгийн сүүлчийн тоглолтод пенальти цохих нөхцөл байдал үүсгэхгүйн тулд UEFA энэ тэмцээнд хоорондын тоглолтын үр дүнг гол үзүүлэлт болгож, анхны “хэлмэгдэгч”-ээр ОХУ тодорсныг хөлбөмбөг сонирхогчид тодорхой харсан. Мэдээж энэ дүрмэнд ч өөрийн гэсэн “цоорхой” бий. Хэсгийн эхний хоёр учраагаа хоёуланг нь олон бөмбөгний зөрүүгээр ялсан баг ч сүүлийн тоглолтдоо хожигдоход плей-оффоос мултрах явдал гарч болзошгүй байлаа.
Тухайлбал “В” хэсгийн шийдвэрлэх тоглолтын өмнө гаргасан нэгэн сонирхолтой зургийг толилуулъя. Үүнд үзүүлснээр сүүлийн тойрогт Дани Германыг 1:0-ээр, Португал Голландыг дор хаяж нэг бөмбөгний зөрүүтэй (3:2, 2:1, 1:0, 2:0, >2:0) хожиход л дээрх хоёр баг хэсгээсээ шалгарах байж. Энэ мэтчилэн боломжит 169 хувилбарыг дээрх зурагт харуулжээ. Магадлалын онолоор бол Герман нэгээр, Португал хоёроор гарах хувилбар хамгийн олон буюу 79 байсан бөгөөд энэ ч ёсоор болж, дээрх хоёр баг шөвгийн наймд шалгарсан билээ.
