.jpg)
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нар өчигдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Эл уулзалтад УИХ -ын гишүүн З.Энхболд оролцсон юм. “УИХ-ын хатуу самар” гэгддэг тэрбээр Л.Болдыг сонгогч олонд танилцуулахдаа “Айлын шоовдор хүүхэд шиг армийг эрийн цээнд хүргэж, Монгол Улсын Зэвсэгт хүчинг цомхон чадварлаг баг болгон хөгжүүлж чадсан шилдэг улстөрч” хэмээн онцлоод түүний төлөө саналаа өгөхийг уриалсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд нь хамтарсан Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайдаар ажилласан 3.5 жилийн хугацаанд Зэвсэгт хүчний тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг шинэчлэн УИХ-аар батлуулж, зэвсэгт хүчнийхэн төдийгүй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж нийгмийн баталгааг нь хангаж чаджээ. Тухайлбал, цэргийн албан хаагч тэтгэврээ тогтоолгох бол цалингийнх нь 80 хувиар тооцож олгох эрх зүйн орчин баталгаажсаны дээр цэргийн албан хаагчийн хөдөлмөр эрхлээгүй гэр бүлд улирал тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр мөнгөн тэтгэмж олгодог болсон байна. Мөн цэргийн албан хаагчдыг орон сууцжуулах хүрээнд арван тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгснөөр өнөөдөр олон офицер орон сууцандаа орж, нийгмийн баталгаа нь хангагдаж эхэлжээ. Цэргийнхнийг орон сууцжуулах ажил ирэх жилүүдэд ч үргэлжлэх гэнэ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хөрөнгө оруулалт гуравхан жилийн хугацаанд 20 жилд авсан хөрөнгө оруулалтаасаа давсан нь бас л Л.Болд сайдын үед хийгдсэн ажил бол гадаад харилцааг дээд шатанд гаргасан нь мөн л түүний сайд байх хугацаанд хийгдсэн шинэчлэлийн нэг аж. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэргүүд хамгаалалтын үүргийг гол төлөв хариуцдаг байсан бол өнөөдөр НҮБ-ын ажиллагааны бүтэн секторыг дангаар хариуцах болжээ. Тиймээс Л.Болдын хувьд Монгол Улсын иргэдэд 1072 ширхэг хувьцааг олгох санаачлагаа хэрэгжүүлээд зогсоогүй батлан хамгаалах салбарын хөгжлийг шинэчлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг УИХ-ын гишүүн З.Энхболд ийн үнэлсэн юм.
.jpg)
Мөн тэрбээр энэ удаагийн сонгууль газрын төлөөх сонгууль болж, өрнөж байгааг онцоллоо. Хэдийгээр Ардчилсан нам цөөнх байхдаа иргэддээ газрыг өмчлүүлэх шийдвэрийг УИХ -аас гаргуулж чадсан ч хэрэгжүүлэх эрх гарт нь байгаагүйгээс өнөөдөр газрын луйвар хэрээс хэтэрч, жирийн иргэдэд газар олдохгүй эрдэнэ болж хувирчихаад буй. Хэрвээ иргэд энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намд итгэл үзүүлбэл, малыг малчдад, орон сууцыг иргэдэд үнэгүй хувьчилж өмч хөрөнгөтэй болгосон шиг газрыг иргэн бүрт өмчлүүлэх бололцоог нээж, ажил хэрэг болгоно. Мөн УИХ ын гишүүн Л.Болдын анхлан санаачилсан иргэн бүртээ байгалийн баялгаас эрдэнийн хувь буюу хувьцаа олгох хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ. Яагаад жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ гэж хэлээд байна вэ гэхээр өнөөдрийн байдлаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа олгогдох боломжгүй болчихоод байгаа нь МАН-тай шууд холбоотой гэнэ. Өмнөх сонгуулиар тус намынхан иргэдэд 1.5 сая төгрөг өгнө хэмээн амлаж, батламж хүртэл хэвлэн тараасан. Түүндээ хүрэхийн тулд эрх баригчид иргэдэд байгалийн баялгаас тэгш хувиар хувьцаа олгох хуулийн заалтыг завхруулчихсан тул засах ёстой болжээ. Алдааг засахын тулд Ардчилсан нам дор хаяж УИХ-д 39 суудал авах шаардлагатай, ингэхгүй бол дахин МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахад хүрнэ. Тэр цагт ажил явахгүй, тиймээс “Улаанбаатарын газрын мафийхантай хамтармааргүй байна” гэж З.Энхболд гишүүн хэлсэн юм.
Тус тойрогт нэр дэвшсэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл ч сонгогчдыг нэг талд санал өгөхийг уриалсан. Ийм санал өгөхгүй бол дахиад л МАНАН Засгийн газарт гарах нөхцөл бололцоог бий болгох тул хүн бүр газартай, газраа барьцаалаад зээл авч, хувийн орон сууц барьж тохь тухтай орчинд амьдрахыг хүсч байвал биднийг багаар нь хамтад нь дэмжих ёстой шүү гэсэн сануулга ч өгсөн юм.