УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөж байна. Сонгуулийн тухай хуулийн цоорхойг ашиглаж буй сэргэлэн нэр дэвшигч ч цөөнгүй “төрж” байх бололтой. Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан л гэнэ. Хоёр том нам нь бие биенээ, гуравдагч хүчин нь тэр хоёрыг хардаж байх зуур сонгогчийн нэрсийн жагсаалт будилсан, нэг айлын бүртгэл дээр огт байдаггүй хүмүүсийн нэрийг нэмсэн, нас барсан хүнийг хасаагүй гэх мэт гомдол санал хөвөрч байна. Дээрээс нь шилжилт бүртгэлтэй холбоотой маапаан ч бий бололтой. Энэ бүх яриаг баримтжуулахгүй л бол үр дүн гарахгүй. Үнэндээ баримт байгаад ч юу ч биш болсон тохиолдол бас бий.
Өмнөх сонгуулиар Увсаас сонгогдсон Б.Чойжилсүрэн сонгогчдод мөнгө тарааж буй бичлэгийг телевизүүдээр харуулсан ч энэ эрхэм УИХын гишүүнээр дөрвөн жил ажиллалаа. Ямар ч хариуцлага хүлээгээгүй. Сонгуулийн хуулиа шинэчилсэн, хариуцлагын тогтолцоог чангалсан гээд буй ч ямар ч тохиолдолд гарц олдог монголчуудын авхаалжийг яалтай ч билээ. Хуулиа шинэчилж, дээлийнх нь өнгийг сольсон ч луйвар, булхай хийх арга, залиа багахан өөрчлөөд л хуучнаа давтаж магадгүй байна, улстөрчид. 2008 оны сонгуулиар нэг танил маань гэр бүлээрээ хөдөө шилжих болсноо ярьж билээ. Учрыг асуутал хамаатан нь тэнд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй гэнэ. Дуслыг хураавал далай гэдэг шиг танил тал, найз нөхөд гээд... хүмүүсээ цуглуулж өөртөө санал нэмэрлэх гэсэн нэр дэвшигчийг буруутгах хэцүү. Хуульд заасан шил жих боломжтой хугацаанд багтсан бол хууль зөрчсөн болохгүй. Монгол Улсын иргэн хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй гээд л ам таглачихна шүү дээ.
Яг ийм явдал энэ удаагийн сонгуулиар гарч буй бололтой. Гэхдээ энэ удаад хамаатан саднаас гадна ажилтнуудаа “нүүлгэсэн” гэнэ. Тухайлбал, Завхан аймагт АН-аас нэр дэвшигч Б.Шинэбаатар “Магнай трейд” компанийн гүйцэтгэх захирлын албатай. Тэрбээр өөрийн харьяаны ШТС-ын ажилтнуудаас Завхан руу шилжүүлсэн гэх мэдээлэл чих дэлсэв. Хуулиар сонгогчийн шилжилт, бүрт гэлийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсоох ёстой. Энэ дагуу тавдугаар сарын 29-нөөр шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан. Тус компанийн ажилтнуудын зарим нь хуулийн хугацаанд багтан Завханд санал өгөхөөр шилжүүлгээ хийлгэсэн гэнэ. Ажилтанд нь бол даргын үг хууль. Нөгөө талаар тэд хуулийн хугацаанд багтан шилжсэн, бас Монгол Улсын иргэн хаана амьдрахаа өөрөө сонгох дархан эрхтэй.
Ийм үйлдлийг хуулийн хүрээнд “хууль зөрчих” гэж нэрлэх үү, яах вэ. Сонгогчийн шилжилт, бүртгэлтэй холбоотой ямар нэг гомдол санал СЕХ-нд ирсэн эсэхийг лавлахад “Ирээгүй” гэсэн хариу авлаа. Улайн цайм хууль зөрчиж, сурталчилгааны хэмжээгээ хэтрүүлж буй нэр дэвшигчдээ дийлэхгүй байгаа СЕХ энэ мэтийг хянаж чадахгүй болсон байлгүй. Хуулийн хүрээнд хууль зөрчвөл яах ёстойг баталсан хүмүүс нь ч аягүй бол мэдэхгүй байлгүй дээ.