-Ялвал ялсан шиг ялъя, өгвөл өгсөн шиг өгье, хийвэл хийсэн шиг хийе-
АН- ын дарга Н.Алтанхуяг энэ сарын 23-нд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт ажиллаж, УИХ, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ дэмжлээ. Тус намаас Баянгол дүүрэгт С.Эрдэнэ, С.Одонтуяа, НИТХ-д Ц.Алтанцэцэг, Л.Нарантуяа, Д.Оросоо, Ц.Одонтунгалаг нар нэр дэвшиж буй юм. Уг арга хэмжээ “UB палас”- ын уулзалтын танхимд болсон байна. Энэ үеэр АНын дарга “Намынхаа нэр дэвшигчдийг дэмжиж 14 аймагт ажиллалаа. Ард түмэн ардчиллыг, манай нэр дэвшигчдийг дэмжиж байна. АН ялах цаг болсон гэж байна. Бид зөвхөн МАН-ыг ялах гэж сонгуульд ороогүй, ажилгүйдэл, ядуурал, авлигыг устгах гэж сонгуульд оролцож байгаа.
Хамтарсан Засгийн газар олон шийдвэр гаргасан ч хээл хахууль, авлигыг халж, шударга ёс тогтооход хамтарч хийж болдоггүй аж. Тиймээс бид олуулаа ялж байж энэ бүхнийг хийнэ. Та бүхэн зургаадугаар сарын 28-нд АН-ыг дэмжээрэй. Олуулаа ялъя. Ялвал ялсан шиг ялж, өгвөл өгсөн шиг өгч, хийвэл хийсэн шиг хийе” гэжээ. УИХ-д нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ, С.Одонтуяа нар “Монгол хүн” хөтөлбөрөө, НИТХ-д нэр дэвшигч Ц.Алтанцэцэг, Л.Нарантуяа, Д.Оросоо, Ц.Одонтунгалаг нар Улаанбаатар хотод АН-аас дэвшүүлсэн 5А-гаа иргэд сонгогчиддоо тайлбарласан юм.
Баянголчуудын хувьд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлж, цэнхэр тойрог гэдгээ улам бататгана гэлээ.