Манай улс Бээжингийн чиглэлд нисэх давтамжаа нэмэгдүүлжээ. Энэ чиглэлд МИАТ болон БНХАУ-ын иргэний агаарын тээврийн “Эйр Чайна” компани долоо хоногт 11 удаа нислэг үйлддэг байсан аж. ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ энэ сарын 18-нд БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах байгууллагын дэд дарга Шиа Шинхуатай Улаанбаатарт уулзаж, хэлэлцээр хийсэн байна.
Бээжингийн чиглэлд нисэх зорчигчдын тоо нэмэгдсэн тул МИАТ компанийнхан долоо хоногт 14 удаа нисэх хүсэлт гаргасан аж. Үүний дагуу Улаанбаатар-Бээжингийн чиглэлд долоо хоногт 14, Хөх хот, Хайлаарын чиглэлийн нислэг долоо байсныг 21 болгон нэмэхээр тохиролцжээ. Түүнчлэн энэ уулзалтаар өөр хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсний нэг нь БНХАУын Тянжинь, Шанхай, Хөх хот, Хайлаар, Өрөмч, Харбин, Манжуур, Далиан зэрэг газар руу нислэг үйлдэх эрхтэй болжээ.
Мөн иргэний нисэхийн салбарт эрэн хайх, авран туслах чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулахаар тохирч, Засгийн газар хоорондын хамтарсан Ажлын хэсэг гаргахаар тогтсон байна.
Б.БЯМБАСҮРЭН