МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсон. Энэ ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. Нэвтрүүлгийг сэтгүүлч Б.Оюунчимэг хөтөлж явуулсан юм.
-Үзэгч та бүхэнд оройн мэнд хүргэе. Энэ удаа би нэвтрүүлэгтээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг урьж оролцуулж байна. Танд оройн мэнд хүргэе.
-Баярлалаа. Танд бас оройн мэнд хүргэе. Үзэгч та бүхнийхээ оройн амгаланг айлтгая.
-Хамгийн түрүүнд би үзэгчдийн хүсэн хүлээж байгаа нэг асуултыг асууя гэж бодлоо. Энэ бол иргэддээ олгож байгаа 1.5 сая төгрөгийн тухай юм. Та орон нутгаар нэлээн сайн явж, 21 аймгаа бүхэлд нь тойрчих шиг боллоо. Засгийн газрын сүүлийн хоёр ч хуралдаанаар энэ бэлэн мөнгө, хувьцааны асуудлыг нэлээн сайн ярилаа. Орон нутгаар явж байхад энэ ажлын хэрэгжилт ямархуу дүр зурагтай байна вэ?
-Энэ асуудал бол нэг, хоёр хуралдаанаар шийдвэрлэдэг зүйл биш юм. Энэ бол зарчмын асуудал. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлье, Монголын ард түмэндээ нийгмийн баялгийн шударга хуваарилалтыг хийе гэсэн зорилтыг манай нам 2008 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн. Мөрийн хөтөлб өртөө бэлэн мөнгө өгнө, мөн ард иргэддээ хувьцаа өгнө гэж маш тодорхой заасан байгаа. Ард түмнийхээ эрх ашгийг, улс орныхоо хөгжлийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, 46 суудал авсан байсан манай нам 25 суудалтай Ардчилсан Намтай хамтаръя гэж урьсан. Ардчилсан нам маань энэ урилгыг хүлээн авсан. Ингээд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны зорилтдоо хоёр намын мөрийн хөтөлбөрийг ард түмний хүсэл эрмэлзлийг хүндэтгэн нийлүүлэх болсон. Ингээд 1.5 сая төгрөгийг, түүнтэй тэнцэх хишиг хувийг ард иргэддээ өгье хэмээн хамтарсан Засгийн газрын зорилтод тусгасан байгаа.
Өнгөрсөн жил эдийн засаг маань 17.2 хувиар өслөө. Энэ тоо бол бодитой статистик. Энэ өсөлтийг ард түмэндээ хүргэе, хүн болгонд хүргэж, айл бүрийн үүдээр оруулъя гэсэн зорилтыг тавьж ажиллалаа. Цалин, тэтгэвэр тэтгэмжээ хоёр дахин буюу 53 хувиар нэмлээ. Зарим хүмүүсийн тэтгэврийн хэмжээ гурав дахин нэмэгдэж байгаа нь ч цөөнгүй байна. Ажилгүйдэл, ядуурал тодорхой хэмжээгээр буурлаа. 75 мянган хүнийг ямартай ч гэсэн өнгөрсөн нэг жилийн дотор байнгын ажлын байртай болгож чадлаа. Бүх юм сайн сайхан болчихлоо гэвэл бас тийм биш юм. Гэхдээ сайн цагийн эхлэл, үсрэнгүй хөгжлийн үндэс суурь тавигдсан гэж хэлж болох юм. Эдийн засгийн хөгжлийн эхлэлийг бид хамтдаа тавьж чадлаа гэж товчхондоо хэлж болох юм. Хамтдаа хийж чадсан зүйлээ бид гавьяа нь МАН-ынх, гай нь Ардчилсан Намынх гэж хэзээ ч үзээгүй. Яг энэ агуулгаар иргэддээ өгч байгаа 1.5 сая төгрөгийн асуудлыг харж байгаа. 1.5 сая төгрөгтэй тэнцэх хувь хишгийг өгөхдөө хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүллээ гэж тайлагнаж байгаа.
Харамсалтай нь Ардчилсан Нам замын дундаас, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлж буй хамтарсан Засгийн газраас гараад явчихсан. Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө хаясан л даа тэд. Тэд хариуцлагаас зугтаж байгаа бол бид зүтгэж хариулъя гэж бодож байна. Ачааны хүндийг үүрч, зорьсон зорилгынхоо ард гарахаар зүтгэж л явна. Хүний хөгжлийн сангаас олгож байгаа 500 мянган төгрөгийг сар бүр 21 мянган төгрөгөөр олгож дууслаа. Нэг сая төгрөгийг ахмад буурал өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өгөх ажлыг хийж байна. Оюутан залуустаа бас өгсөн. Ахмад буурлууддаа 333 мянган төгрөгийг олгосон. Хоёр дахь 333 мянган төгрөгийг бид энэ долоо хоногоос эхлээд олгож байна. УИХ, Засгийн газрын шийдвэрээр 1.5 сая төгрөгийг бүхэлд нь олгох асуудал бодитоор хийгдээд явж байна гэж хэлж болно. Мөн иргэддээ өгөх хувьцааг бэлэн мөнгө авах сонголттойгоор өгөхөөр болж байна. Энэ бол хоёр намын мөрийн хөтөлбөрт заасан зүйл юм. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт ч, Ардчилсан Намын мө-рийн хөтөлбөрт ч заасан зорилтуудаа хэрэгжүүлсэн. Хамтарсан нөхдүүд маань хэдийгээр хаяад гарсан ч гэсэн бид хэрэгжүүлж чадлаа. Ардчилсан намын нөхдүүд “баярлалаа” гэж хэлдэггүй юм гэхэд үгүйсгэх хэрэггүй гэж хэлмээр байна.
-Төсөв улайлаа. Хөгжлийн банкнаас эдгээр мөнгийг олгож, энэ ам лалтын мөнгөний амыг хааж байна гэх яриа гарч байна л даа…
-Бид ямар нэгэн байдлаар төсвийн, зээлийн, бусад нөхц өлийг зөрчиж, өөрөөр хэл бэл өр тавьж энэ мөнгийг өгөөгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Эдийн засгийн өсөлт, мөн уул уурхайн салбараас олж байгаа орлогоос энэ мөнгийг олгож байгаа. Гэтэл үүнийг янз бүрээр улстөржүүлж байна л даа. Энэ асуудал хуультай. Манай нам хуулийг дагаж мөрдөж, түүнийг биелүүлдэг нам. Иргэд авахгүйгээр заръя гэсэн хувьцааг аж ахуйн нэгж, байгууллагуудад олгоё гэж зарласан. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газ рын хурлаар 87.3 тэрбум төгрөгийн захиалга оржээ гэж мэдээлж байна лээ. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд хувьцаа авья гэж байгаа юм байна. Аж ахуйн нэгжүүд хувьцаа авч байгаа бол ард иргэддээ тэр хувьцаа худалдсан орлогоос бэлэн мөнгийг олгож болно гэж үзсэн. Өөрөөр хэлбэл иргэн Батболд сонголттой байж болно, иргэн Оюунчимэг сонголттой байж болно гэсэн үг. Ахмад буурлууд бас сонголттой байна. Энэ боломжийг журмаар нь хийж өгсөн. Эдийн засгийн реформ гэдэг утгаар би хоёр зүйлийг санаачилсан.
Нэгдүгээрт, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье, компанийн засаглалыг ил тод, нээлттэй байдлаар хөгжүүлье гэдэг зарчмыг барьсан.
Хоёрдугаарт, Хөгжлийн банк байгуулсан. Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрийг, тухайлбал төмөр зам, орон сууцны, эрчим хүчний, аймаг хотыг холбосон авто замыг санхүүжүүлэх зорилготой газар. Ийм ажлыг төр засаг нуруундаа үүрч хийхгүй бол аль нэг аж ахуйн байгууллага хувийн хөрөнгө оруулалтаар хийдэг ажил биш юм. Хөгжлийн банк гэдэг ийм механизм дэлхийн жишигт байдаг учраас байгуулъя хэмээн бид санаачилж, ажил хэрэг болсон нь энэ.
Өнгөрсөн тавдугаар сард Хөгжлийн банкныхаа үнэт цаасыг гаргаж, 500 гаруй сая ам.долларын бондыг ам жилттай борлуулсан. Түүгээрээ дээрх төслүүдээ хэрэгжүүлье гэж зорьж байгаа. Үүнийг улстөржүүлж, энэ банкнаас бэлэн мөнгө тараах гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн үед нэлээн явж байна. Зарим нэг төрийн албан хаагчийг ийм байдлаар байр суурийг нь илэрхийлүүлж ч байх шиг. Бид хуулийг барьж ажилладаг. Цагаан дээр хараар бичигдсэн хууль байгаа. Бодитой гүйцэтгэл байгаа. Хөгжлийн банкнаас ямар нэг эх үүсвэр авч энэ санхүүжилтийг хийгээг үй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Хамгийн сүүлийн санхүүжилтийг бид “Эрдэнэт” үйлдвэрээс Мон голын талд ногдох өнгөрсөн жилийн ашгаас оруулсан. Эндээс ард иргэддээ амласан 1.0 сая төг рөгийн төлбөрийн хоёр дахь хэсгийг олгож байна. Тиймээс таны асуусанчлан “Төсөв улайлаа, Хөгжлийн банк наас мөнгө олгож байна” гэдэг хардалт бол сонгуулийн улстөржилт гэж хэлмээр байна даа.
-Сонгуулийн улстөржилт гэснээс манай МҮОНТ намуудын төлөөллийг оролцуулаад хөгжлийн гол асуудлуудаар мөрийн хөтөлбөрийн онцлогийг танилцуулах зорилготой нэвтрүүлэг хийж байгаа юм. Гол гол асуудлуудаар намуудын байр суурь ижил байгаа нь анзаарагдсан. Бараг нэгдээд сонгуульд орол цож болдоггүй юм байх даа гэж бодогдмоор зөндөө зүйл байна лээ. Гэхдээ яаж хэрэгжүүлэх гэж байгаа нь гол сонголт болж байна, үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?
-Ардчилал, зах зээл маань улам боловсронгуй болох ёстой, улс төрийн намууд төлөвших ёстой, хөгжлийн бодлогоороо, мөрийн хөтөлбөрөөрөө, үзэл баримтлалаараа уралдах ёстой гэж би үздэг. Бүгдээрээ ижилхэн болчихвол буруу шүү дээ. Хэрвээ бид шударгаар өрсөлдье гэвэл ямар үзэл баримтлалаараа өрсөлдөөд байна вэ гэдэг мөн чанарыг нь ойлгох хэрэгтэй. Би бусад намуудыг хэлж мэдэхгүй байна. МАН-ыг товчхон хэлье гэж бодож байна. МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Зүүн, баруун гэсэн хоёр том үзэл баримтлал байдаг шүү дээ. Манай намын үзэл баримтлал бол нийгэм эдийн засгийн хөгжилд төрийн зохицуулалт байх ёстой, оролцохдоо нэлээн өндөр байх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл зүүн төвийн намууд нийгмийн бодлогыг түлхүү барьдаг.
Нийгэмд ахмадууд, залуучууд, хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Ажил хөдөлмөр хийх чадвартай нэгэн байхад ялгаатай давхарга ч бас байна. Энэ хүмүүст чиглэсэн төрийн бодлого уян хатан байх ёстой, үүнийг төр зохицуулж байх учиртай гэж бид үздэг. Харин баруун төвийн нам төрийн зохицуулалт аль болох бага байж, зах зээл нь үүнийгээ зохицуулж явах ёстой гэж үздэг. Харин бид зах зээлийн горимыг дэмжихийн сацуу төр иргэндээ харьцангуй тэгш боломж, шударга ёсыг бүрдүүлэх ёстой гэсэн зарчмыг барьдаг. Төр таван асуудлыг нуруундаа зайлшгүй үүрч байх ёстой юм. Эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгаалал, хүнээ ажилтай болгох, орон сууцтай болгох гэсэн асуудлуудыг төр хариуцах ёстой гэсэн зарчмыг тэргүүн эгнээнд барьдаг нам бол манай нам. Энэ зохицуулалтыг хийхдээ эдийн засгийн өсөлтийг хангаж, гайгүй хэсгээс нь илүү татвар авч, ядруу хэсгээс арай бага татвар татаж, дэмжлэг үзүүлэхийг зарчмаа болгодог. Ингэж байж нийгэмд дундаж давхарга олноор бий болно.
Энэ бол социалист биш, бас хэт зах зээлийн биш, төрийн зохицуулалттай тогтолцоо бөгөөд зүүн төвийн намын хувьд манай үзэл баримтлалын үндэс нь энэ юм. Яг энэ агуулгаар манай үзэл баримтлал, үйл ажиллагаа, дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр явж байгаа. Харин сүүлийн үед бусад намуудын хандлагыг харахад бууриа сэлгэж, таны асуусанчлан адилхан юм яриад байгаа юм. Юугаараа, ямар үзэл баримтлалаараа ялгагдаж байна вэ гэдгийг би бүр асуумаар байдаг. Гэхдээ бид өөрийнхөө ажлыг хийх ёстой, өрөөлийг үгүйсгэх ёсгүй гэдэг зарчмыг барьж ажилладаг. Хамтдаа эе эвээ хичээгээд ажилласан өдрүүд бий. Гэвч тэд хаяад яваад өгсөн. Гэсэн хэрнээ иргэддээ олгосон нэг сая төгрөгийн хувьцааг Ард чилсан намынх, Монгол Ардын Намынх биш, тэд амлалтаа биелүүлээгүй гээд яриад байгааг би ойлгохгүй л байгаа.
-Монгол Ардын Хувьсгалт Нам, Монгол Ардын Нам хоёрыг андууруулах гэсэн зүйл харагдаад байх юм. Уг нь ойлгомжтой л байх шиг байгаа юм. Та намын даргын хувьд юу гэж тайлбарламаар байна.
-Монгол Улс маань ардчиллын замаар явж байгаа учраас улс төрийн намууд шинээр бий болж, байгуулагдаж байгаа нөхцөл байдал нь хүмүүст янз бүрийн бодол төрүүлэх явдал байлгүй яах вэ. Энд нэг л асуудлын ялгаа байгаа юм. Монгол Ардын Намын үнэт зүйл болох нэр, бэлгэ тэмдэг, өмч хөрөнгө, гишүүнчлэлийг аль нэг шинэ нам байгуулагдахдаа авч болохгүй. Ийм хуультай. Гэтэл хууль зөрчигдсөн. Аливаа хүн, аж ахуйн байгууллага, улс төрийн хүчин, улс оронд ч гэсэн төрсөн өдөр, байгуулагдсан он сар гэж байдаг. Монгол Ардын Нам 1921 оны 03 дугаар сарын 1-нд байгуулагдсан. Харин Монгол Ардын Хувьсгалт Нам хэмээх манай улсын 19 дэх шинэ нам бол 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Хууль зөрчигдсөн байна аа, нэр ашиглаж болохгүй ээ, бэлгэ тэмдэг хуулж болохгүй ээ гэсэн асуудлыг Үндсэн хуулийн цэцэд тавьсан, шүүхэд ч хандсан, давж заалдсан. Гэвч улс төрийн намуудын үнэт зүйлүүдийн асуудал зөрчигдсөн.
Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо шинээр сэргээн тогтоож Монгол Ард Улс болсон. 1924 оны анхны Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улс болсон. 1992 оны шинэ Үндсэн хуулиар, Монгол Улс гэж нэрээ өөрчилсөн. Энэ хуулийг баталсан тэр үеийн АИХ-ын гишүүдийн 80 гаруй хувийг манай намын гишүүд бүрдүүлж байсан. Энэ олонх бусад улс төрийн намуудтай хамтраад шинэ Үндсэн хуулиа баталсан. 1921 оны гуравдугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан манай намын анхны журмын нөхөд улс орныхоо тусгаар тогтнолыг бэлгэдэж, түүний төлөө тэмцэхийн тулд намаа Ард түмний буюу Мон гол Ардын нам гэж нэрлэн зарласан. 1924 онд Коминтерн болон бусад дотоод улс төрийн нөхцөл байдлаас хамаарч Мон гол Ардын Хувьсгалт Нам хэмээж, “хувьсгалт” гэсэн үг нэмсэн.
2010 оны арваннэгдүгээр сард бид намын эрх барих дээд байгууллага буюу XXVI их хурлаараа намынхаа нэрийг Монгол Ардын Нам гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, уугуул нэрээ сэргээсэн. Гарал үүслийн хувьд ийм байна. Гишүүнчлэлийн хувьд манай нам 220 мянган гишүүнтэй. 140 мянган гишүүнтэй байсан, XXVI их хурлаас хойш 80 мянга орчим хүн манай намыг сонгосон. Энэ хүмүүсийн 80 гаруй хувь нь залуучууд. Энэ бол уламжлалаа хадгалж чаддаг, тусгаар тогтнол, ардчиллын үнэт зүйлүүдийг бий болгоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн, ачааны хүндийг үүрсэн нам. Шинэчлэлийг хийж чаддаг нам. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн манай гишүүдийн 50 хувь нь туршлагатай улстөрчид. 50 хувь нь шинэ эрч хүч, шинэ нүүр царай, шинэ боловсрол, шинэ бодлогын илэрхийлэл. Ийм байдлаар бид уламжлалаа авч явахын зэрэгцээ шинэчлэлийг байнга хийж байдаг. Энэ нам уламжлал шинэчлэлийг хийж чадаж байна гэж үзэж 80 гаруй мянган хүн манай намыг шинээр сонгосон.
Өнгөрсөн жил хагасын хугацаанд манай намаас 500 гаруй хүн гарсан. Яагаад гэвэл бид ардчилагдсан нам. Уламжлал шинэчлэлээ хадгалж чаддаг нам. Өмнө нь ч гарч л байсан. Гэхдээ шинээр илүү олон хүн элсэж, нэгдэж байдаг. Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай, сайд байсан К.Зардыхан гуай, АИХ-ын дарга байсан Ж.Гомбожав гуай нар нэгэн үе намаасаа гарч байсан. Гадаад харилцааны сайд байсан Ц.Гомбосүрэн гуай бас гарсан. Одоо энэ хүмүүс маань эргээд орж байна. “Би бухимдаж, будилж байжээ. Сэтгэл зүрх маань намдаа байна аа. Энэ нам намайг дэмжиж өдий зэрэгт хүргэсэн. Би цаашдаа намдаа байна аа” гээд Ж.Гомбожав гуай надаас батлахаа авсан. Бавуугийн Лхагвасүрэн гуай батлахаа авч байгаа. Ц.Гомбосүрэн сайд авна гэж байгаа. Орох гарах бол тэгэхээр амьд процесс. Манай намаас гарсан зарим нөхдүүд МАХН гэж нам байгуулаад, бусад намуудтай хамтраад энэ сонгуульд оролцож байгаа. Энэ бол байдаг л зүйл. Ийм сонголт байж болно, ер үгүйсгэхгүй байгаа. Харин тэс ондоо үзэл баримтлал, үйл ажиллагаатай МАН, МАХН гэсэн хоёр намыг адилтгаж, будилж төөрөх шаардлага байхгүй гэж бодож байна.
МАХН-ын жагсаалтыг нэг хараарай. Ч.Улаан гишүүнийг эс тооцвол МАХН-аас нэр дэвшиж байгаа хүмүүс бараг алга. Жагсаалтын хоёрдугаарт Н.Батцэрэг байна. Н.Батцэрэг бол Ардчилсан намын угшилтай хүн. Гуравдугаарт нь М.Сономпил. Мөн л Ардчилсан намын угшилтай. Дөрөвт нь Баянсэлэнгэ гэж хүн байна лээ. Энэ хүн лав л манай намын угшилтай биш. Тэд МАХН гэсэн дөрвөн үсгийг, манай хуучин нэрийг авах нь авсан, харин нэр дэвшсэн хүмүүсийг нь харах юм бол өөр намын хүмүүс л илүү олон байгаа юм даа. Бидний хувьд улс орныхоо хөгжлийн түүхийн түүчээ болж ирсэн нам, өчигдрөө мартдаггүй нам, өнөөдрөөрөө явдаг нам, маргаашийн ирээдүйгээ цогцлоож, ахмад, дунд үеийн хослолыг авч явдаг нам.
Бид улс орныхоо хөгжлийн төлөө хамтраад ч болсон зүтгэдэг, хаяад явахад нь ачаагаа үүрээд дангаараа зүтгэдэг хариуцлагатай улс төрийн хүчин. Ер нь цаашдаа улс төрийн тогтолцоо улам боловсронгуй болох ёстой. Америкийг хар л даа. 300 сая хүн амтай энэ улсад зүүний, барууны гэсэн хоёр нам л улс төрийн ачааг ээлжлээд үүрдэг. Зөв зүйтэй, мэдлэг чадвартай хүмүүсийг нам харгалзалгүй авч ажиллуулъя, төрийн төлөө, улс орныхоо төлөө эвсье гэсэн зарчмыг хаана ч аваад явж байгаа. Тиймээс бид хоёр том намаа төлөвшүүлэх ёстой. Ардчилал, зах зээл, иргэний нийгмийг цогцлооё гэж бид ярьж байгаа бол дараагийн шатанд нь оруулъя. Энэ их хоосон хийрхэл, үгүйсгэл, гүжир гүтгэлэг, булаалдааны оронд үзэл баримтлал, зорилгоо тодорхой болгоод тэр зорилгоороо, мөрийн хөтөлбөрөөрөө, үзэл баримтлалаараа шударгаар өрсөлдье. Тэрнээс хүний хийсэн ажлыг булааж авах, өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харах хэрэггүй гэж улстөрийн зарим нөхдөдөө хэлмээр санагддаг. Уг нь энэ чухал биш юм аа.
Бидний хийж хэрэгжүүлсэн ажлыг ард түмэн ойлгоно оо, мэднэ ээ. Хоёр том нам нь голлосон улс төрийн тогтолцоо цаашдаа бэхжээд явах юм бол ардчилал зах зээл, зүүний, барууны гэсэн гол үзэл баримтлал хэрэгжээд явах, жинхэнэ утгаараа мөрийн хөтөлбөрөөрөө, үзэл баримтлалаараа өрсөлдөх, ардчилсан нийгмийг улам төгөлдөржүүлэх бодлого улс оронд хэрэгтэй, улстөрийн намуудад хэрэгтэй. Хамгийн гол нь ард түмэнд хэрэгтэй. Ер нь юмыг байгаагаар нь манай ард түмэн ойлгодог. Бодитоор дүгнэж чаддаг. Гэхдээ худлаа үгийг олон хэлэхээр үнэн болдог гэж зарим хүн хэлдэг л дээ. Энэ бол сайн зүйл биш.
-Ард түмэн ойлгож байгаа байх гээд та хэлчихлээ. Та хөдөө орон нутгаар ажиллаж байна, ард иргэдтэйгээ нүүр тулаад уулзахаар тэд юу гэж байх юм?
-Олонх аймгаар очлоо. “Ашдын бэлгээс амны бэлгэ” гэж ард түмэн маань аятайхан байна. Цалин тэтгэвэр нэмсэн, 21 мянган төгрөг өгч бай на аа. Яахав, зарим нь энэ мөнгөөр архи дарс ууж байна гэж шүүмжилж байна. Магадгүй ажил амьдралаа сайн зохион байгуулаагүйгээс архи уучихдаг хүмүүс байдаг л байх. Гэхдээ олонх иргэд маань энэ 21 мянган төгрөг бидний амьжиргаанд дэм болж байна гэж ам сайтай байна. Хотонд байгаа малаа шууд аваад зарахаа лав больсон гэж байна. Засгийн газрын малчдыг дэмжсэн бодлого эздэдээ хүрч байна. “Монгол мал” хөтөлбөр, малыг эрүүлжүүлэх “Таван эрдэнэ” арга хэмжээг ард иргэд сайшааж байна. “Санаа зөв бол заяа зөв” гэж тэнгэр хангай хүртэл биднийг ивээлээ.
Өнгөрсөн хоёр жилд зуд турхан тохиосонгүй. Монгол Улс маань энэ жил 50 сая гаруй малтай боллоо. Энэ бол ажилч хичээнгүй малчин түмний маань хөлс хүч шингэсэн их ажлын үр дүн. Бидэнд засаж сайжруулах зүйл байна, гэхдээ урагшилж байна гэж харж байна. “Атрын III аян” амжилттай өрнөж байна. Дотоодынхоо гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангаж чаддаг боллоо. Экспортлох боломж ч байна. Иргэд маань өөдрөг байна. Улстөр юм болохоор бас шүүмжилж байна аа. Ажилгүйдэл, ядуурал бүрэн арилахгүй байна, залуучууд ажил, хөдөлмөртэй, цалинтай баймаар байна гэж байна. Бидэнд анхаарах зүйлүүд байгаа гэдгийг ойлгож байгаа. Ард түмэн маань олсон ололтоо баталгаажуулаад урагшаа явъя гэж байна. Тэрнээс үгүйсгэе, өөрчилье, болохгүй байна гэсэн зүйл тэдний амнаас үнэндээ гарахгүй байна шүү. Улстөржиж үгүйсгэж, харлуулах гэсэн зүйл мэр сэр гарч байна. Энэ бол ардчилсан улс орны сонгууль юм чинь байдаг л зүйл. Тэрнээс биш ард иргэдийн маань сэтгэл, итгэл өөдрөг сайхан байна аа.
-Сонгуулийн үйл ажиллагааг төрийн албан хаагчид зохион байгуулна гээд шинэчилсэн хуульд тусгачихсан. Өнөөдөр төрийн албан хаагчид бүх ажлыг зохион байгуулж байна. Бэлтгэл нь яаж хангагдаж байна, Та хяналт, анхаарал тавьж амжиж байна уу?
-Засгийн газрын тэргүүний үүрэг л дээ. Бэлтгэл хангах, зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг үзүүлэх учиртай. Төрийн албан хаагчид маань хоёргүй сэтгэлээр монгол төрийнхөө сонгуулийг шударга, зөв зохион байгуулахын төлөө зүтгэж байгаа. Хөдөө орон нутаг, нийслэл хотоор явлаа. Ачааны хүндийг монгол төрийн албан хаагчид үүрч байна аа. Төрөө дээдэлж, төрийн албан хаагчдаа хүндэтгэн, монгол төрийн сонгуулиа шударга явуулахыг Монгол Ардын Нам дэмжиж байгаа. Биднийг, бидний үйл ажиллагааг, ажил хийж байгаа хүмүүсийг шүүмжлэх, төрийн ажлыг зарим талаар нь буруутгах зүйл нэлээд гарч байна. Хувь хүний асуудал ч дүүрч. Сонгуулийн сүүлийн хоёр, гурван хоногийн сурталчигааг харахад өрсөлдөгч намууд маань төрийн албыг, алба хашиж байгаа хүмүүсийн ажлыг харлуулах, гүжирдэх, хийсэн ажлыг нь үгүйсгэх явдал эрс нэмэгдэж байгаад харамсаж байна. Улстөрийн намууд, мөн үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс үүнийгээ зогсоох ёстой.
Монголчууд, Монголын ард түмэн шударга сонгуулийг хүсэж байгаа. Хэн ямар зүйлийг хийх гэж байна, мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаараа өрсөлдөөч ээ гэж хүсэж байна. Сонгуулийг зөв зохион байгуулахын төлөө төрийн албан хаагчид ажиллаж байгаа. Бид эдгээр хүмүүстээ талархах учиртай. Ард түмэн маань дэмжих ёстой, алдаа оноо байвал хэлж байх учиртай. Зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байх ёстой гэсэн зарчим энд мөрдөгдөх ёстой. -Шударга сонгууль болгохын төлөө, ард түмэн өөрсдийнхөө сонголтыг өөрийнхөө оюун бодлоор тунгааж хийхийн төлөө бид бүгдээрээ хичээж байгаа. Сүүлийн нэг минутад сонгогчдодоо хандах боломж Танд олгож байна.
-Ачааны хүндийг үүрч зүтгэж байгаа, амжилт ололтоо бататгаж, алдаа онооноосоо сургамж авч, урагш тэмүүлж чаддаг Монгол Ардын Намыг дэмжээрэй гэж Намын даргын хувьд, ачаа дааж чадаж байгаа Засгийн газрын тэргүүний хувьд ард түмнээсээ хүсье.
Бид хамтдаа ард түмний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлбэл ард түмэн ялна, Монгол Улс ялна. Монгол Улс маань хөгжин мандах учиртай. Монгол айл өрх бүрийн амьдрал дээшилж, бүгдээрээ эх орондоо сайхан амьдрах нөхцөл бүрдэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.