УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр дуусаж байна. Маргааш намуудад сонгогчид дүнгээ тавина. Үүнээс өмнөх 20 гаруй хоногийн турш сонгогчид телевизээ асаагаад л хэн нэг нэр дэвшигчийн өөдрөг, бас ирээдүй цаг дээрх яриаг бялууртал сонсов. Мөн өрсөлдөгч хэн нэгнийг, намыг муулсан, шүүмжилсэн, гүтгэсэн элдэв хар PR ч хангалттай өрнөлөө. Үнэндээ сонгогчид энэ бүхнээс залхаж байна. Байсхийгээд л хаалга тогшиж, нэр дэвшигчийн сурталчилгааны хуудас тараана. Уг нь нэр дэвшиж буй хүнээс чамгүй зардал хөрөнгө гаргаж, ажил болж байж хэвлүүлсэн өнөөх хуудас, сэтгүүл, сонин нь удалгүй хогон дунд хэвтэж байх нь бий.
Сонгуулийн синдромоос залхсан зарим сонгогч “Сонголтоо хийчихсэн тул хонх дарахгүй байхыг хүсье” гэсэн “сануулга” үүдэндээ хаджээ. Ийнхүү залхсанаа зарим нь хэтэрхий бүдүүлгээр илэрхийлээд байгаа юм. Нэр дэвшигчийн зураг бүхий самбарыг урах, зурагт хуудас дээр нь эрээчих, нүдийг нь сохлох, бүр шатаах гээд элдэв авир гарч байна. Сурталчилгааны хуудсыг базаад хаях бол захын жишээ. Тухайн нэр дэвшигчид дургүй байгаагаа зарим хүн ингэж илэрхийлж буй бололтой. Энэ бол хувь хүний дургүйцэл. Тэгвэл аль нэг намын, нэр дэвшигчийн захиалгаар ийм “ажиллагаа” өрнүүлэгчид бас бий.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр нэгэн бие даагчийн сурталчилгааны 200 гаруй самбар хулгайд алдагдсан гэнэ. “Тэр хавьд байсан МАН, АН-ынхны самбар зүгээр байхад минийх алга болсон учир үүнийг зохион байгуулалттай арга хэмжээ гэж үзэж байна” хэмээн өнөөх нэр дэвшигч мэдэгджээ. Замд нь “шавар хаасан” нэгнээ ий мэрхүү аргаар хорлох нь өмнөх сонгуулийн үеэр гаарч байсан үзэгдэл. Нөгөөгөө харлуулах, элдэв муугаар гүтгэх замаар нэр дэвшиг чид, намууд өрсөлддөг. Шударгаар өрсөлдөх тухай амаа чилтэл ярьдаг ч түрүүчээсээ сонгогчдод мөнгө тарааж яваад, тэр нь дүрс бичлэгтэйгээ илчлэгдсэн тохиолдол ч гарлаа. Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараахыг хориглосон атал МАН-аас Увс, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчид хууль зөрчжээ. Гэхдээ эрх биш тэр хуулиа батлалцсан учраас өөрийн биеэр мөнгө та рааж “тэнэгтэхгүй”. Хууль мэ дэхгүй жирийн иргэдийн гараар могой бариулж байгаа юм. Шууд мөнгө тараахгүй, ямар нэг гэрээ хийж өнгөлөн далдлах арга хэрэглэжээ. Өөрсдөө ингэж мөнгө тарааж явахад өрсөлдөгч нь ийм замаар нөгөөгөө “чадсан” хэрэг ч гарсан байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Д.Тэрбишдагвын өмнөөс сурталчилгааны со нин, хуудсыг 20.000 төгрөгийн хамт иргэдэд тарааж, “Тэрбишдагва гишүүнийг дэмжээрэй” хэмээн ухуулсан гэнэ. Энэ талаар тэр “Би энэ хуулийг баталсан, мөнгө тараахгүйгээ мэднэ шүү дээ” хэмээн зовлон тоочсон байна. Хар PR хэрээс хэтэрч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг зарим сайтыг шүүхэд өгчээ. Улмаар нөгөөдүүл нь түүнд “хэвлэлийн дайсан” нэр хайрлаж, нөгөө нь “дайсан биш” гэдгээ баталж өчигдөр мэдээлэл хийлээ.
Иргэд, нэр дэвшигч, намуудын хэн хэн нь улс төрийн соёлтой байх учиртай. Гэхдээ энэ соёлд суралцаж амжаагүй байхад нь сонгуулийн санал хураах өдөр ирэв. Зурагт хуудас урж, шатаагаад буй “ууртай” сонгогчид улс төрийн сонголтоо хийх замаар бухимдлаа илэрхийлэх боломж бүрдлээ.
С.ТУУЛ