“Лондон-2012” зуны олимпийн XXX наадамд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан цагдаагийн байгууллагын найман алба хаагч, тамирчныг салбарын хамт олон нь өчигдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир олимпийн наадамд оролцох тамирчдад баяр хүргэж, Монгол Улсынхаа төрийн далбааг Лондоны тэнгэрт мандуулаарай хэмээн амжилт хүсээд, дурсамж болон тус бүр 10 сая төгрөг гардуулав.
Цагдаагийн байгууллагаас олимпийн наадамд хөнгөн атлетикийн марафоны төрөлд гавьяат тамирчин, цагдаагийн ахмад Б.Сэр-Од, ОУХМ, ахлагч Д.Отгонбаяр, жүдогоор гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч М.Бундмаа, ОУХМ, цагдаагийн дэслэгч Ц.Мөнхзаяа, чөлөөтөөр гавьяат тамирчин, цагдаагийн ахлах ахмад Б.Наранбаатар, гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа, дэслэгч О.Бурмаа, боксын төрөлд ОУХМ, цагдаагийн дэслэгч Б.Түвшинбат нар оролцох юм.
Лондоны наадамд оролцохоор Монголоос 29 эрх авсны найм нь цагдаагийн алба хаагч байгаад баяртай байна. Тамирчдыг маань олимпийн дэвжээ ивээх болтугай” хэмээн хошууч генерал Д.Сандаг-Очир хэлэв. Энэ үеэр Б.Наранбаатараас сэтгэгдлийг нь сонсоход “Олимп эхлэхэд ганцхан сарын хугацаа үлдлээ. Чөлөөт бөхийнхөн Болгар улсад бэлтгэлээ хийгээд өчигдөр ирсэн. Бид байгууллага, хамт олон, монголчуудынхаа итгэлийг алдахгүйг хичээнэ” гэв.
Б.БЯМБАСҮРЭН