Сонгуулийн хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах учиртай. Тиймээс сонгуулийн хэсгийн хороодын ажилтнууд өнөөдөр энэ ажлыг гүйцэтгэх юм. Гэхдээ саналаа зөөврийн хайрцгаар өгөх сонгогчид санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө энэ тухайгаа харьяа хэсгийн хороондоо урьдчилан мэдэгдсэн байх учиртай.
Эрүүл мэндийн байдлаас болоод биеэр очих боломжгүй иргэний саналыг энэ тухай хүсэлт, эмнэлгийн магадлагааг нь үндэслэн зөөврийн хайрцгаар очиж авах юм. Мөн гал түймэр унтраах гэх мэт нийтийн дайчилгаанд хамрагдаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан иргэд үүнд хамаарах аж.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргасан байх ёстой. СЕХ-ноос энэ тухай тусгайлсан журам гаргасан бөгөөд үүний дагуу дээрх иргэдийн саналыг авах юм.
С.УУЛ