Сонгуулийн бэлтгэл ажлыг хангаад дуусаж байна. Анхны гэх тодотгол олонтой сонгуулийн бас нэг шинэ зүйл нь хам гаалалт. Энэ удаагийн сонгуулиар 1.8 сая сонгогч бүгд иргэний цахим үнэмлэх ашиглаж, “ид шид”-ийг нь үзэж чадахгүй. Гэсэн хэдий ч тэд бүгд хурууны хээгээ шалгуулж санал өгөх эрхээ эдэлнэ. 2011 оны намар хүн амаа шинэчилсэн бүртгэлд хамруулж, 10 хурууны хээг нь авсны хэргийг уг сонгуулиар гаргах юм. СЕХ бүртгэлийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, санал тоолох машин сэлтээ Тойргийн 26 хороонд, тэд нь 1905 хэсгийн хороондоо хүргүүлж, шалгаж нягтлаад дуусчээ.
Хурууны хээ уншдаг төхөөрөмж, түүнтэй холбогдох мэдээллийг хянах компьютер сэлтээс бүртгэлийн төхөөрөмжийн иж бүрдэл бүрдэж байгааг уржигдар СЕХ-ныхон туршилт хийхдээ танилцуулсан. Иргэдийн хурууны хээний мэдээллийн сан улсын нууцад хамаардаг учраас хэсгийн хороо бүрт харьяалагдах сонгогчдынх нь хурууны хээний мэдээллийг хэсэгчлэн хүргүүлсэн. Уг мэдээлэлтэй хэн харьцах вэ, нууц алдагдвал яах вэ гэх мэтээр УИХ удаан маргасны эцэст УБЕГ-аас тусгайлан итгэмжлэгдсэн ажилтнуудыг хэсгийн хороодод томилсон юм. Хурууны хээний мэдээллийн сантай тэр ажилтан л харьцана.
Уг мэдээлэл алдагдах ч юм уу, ямар нэг асуудал гарвал тухайн ажилтнаас хариуцлага нэхэх учиртай болж буй юм. Бас иймэрхүү асуудал үүсгэхгүйн тулд улсын нууц мэдээллээ хамгаалахаар хэсгийн хороодыг анх удаа цагдаагийн хамгаалалтад аваад байна. Саналын хуудсыг хэсгийн хороодод энэ сарын 23- ны дотор хүргүүлсэн. Энэ өдрөөс хэсгийн хороодыг цагдаагийн хамгаалалтад авсан юм.
Өмнөх сонгуулиудаар элдэв маргаан, зөрчил гарах вий хэмээн сэрэмжилж цагдаагийн 1-2 ажилтан байх нь байсан. Тэгвэл одоо сонгуулийг зөрчил будлиангүй явуулахаас гадна улсын нууц мэ дээллийг “манах” ёстой болжээ. Тиймээс энэ удаагийн сонгуулийг “хамгаалалттай” хэмээн тодотгож болохоор байна. Мөн сонгуулийн өдөр санал өгөхдөө сонгогчид юу анхаарах ёстойг сануулъя.
45 дугаар зүйл. Сонгогч саналаа өгөх
45.2.Сонгогчдод дараах зүйлийг хориглоно:
45.2.1. Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх;
45.2.2. Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
45.2.3. Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
45.2.4. Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах;
45.2.5. Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
С.ТУУЛ