Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллага “Глоб Интернэшнл” ТББ нь УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийжээ. Судалгааны хугацаанд таван телевизийн 711 цаг 47 минут 25 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 102 цаг 55 минут 24 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. МҮОНТ-ийн сонгуулийн сурталчилгааны 22 хувийг АН, 20 хувийг МАН-ын мэдээлэл эзэлсэн байна. Эхний шатны дүнтэй харьцуулхад 34 хувийг эзэлж байсан МАН-ын мэдээлэл буурчээ. Бүх телевизээр эсрэг өнгө аястай мэдээлэл давамгайлсан байна. TВ-9 Шударга ёс эвслийн мэдээллийг түлхүү цацаж байсан бол бусад теле визийн мэдээллээр МАН давамгайлж байв.
Харин ТВ-5, UBS телевиз АН-ын талаарх сөрөг сурталчилгааг олон нэвтрүүлжээ. Судалгаанд хамрагдсан дөрвөн телевиз бүгд цагаа хэтрүүлсэн байна. Үүнд ТВ-9 телевиз хоёр цаг хоёр минут 56 секунд хэтрүүлсэн нь хамгийн ихэд тооцогджээ. Бусад телевиз 9-15 минутаар хэтрүүлжээ. МҮОНТ таван цаг 24 минутыг сонгогчдын боловсролд зориулжээ. Харин бусад телевизээс хамгийн их нь ТВ-5 нэг цаг 13 минутыг сонгогчдын боловсролд зарцуулсан байна. Далд сурталчилгаа явуулсан, эсэхэд хяналт тавихад МҮОНТ дөрвөн цаг 22 минут 59 секундын сурталчилгаа явуулжээ.
Харин бусад телевизээс хамгийн их нь ТВ-9- ийн далд сурталчилгаа байсан байна. Телевизүүдийн мэдээний хөтөлбөрт сонгуулийн сурталчилгаа ихээр давамгайлсан байна. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрөөр нийт гурван цаг 55 минут 49 секундын далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл гарчээ. ТВ-9 телевиз хамгийн их буюу долоон цаг 13 минут 27 секундын далд хэлбэрийн сурталчилгаа явуулсан бол UBS мэдээнийхээ хөтөлбөрөөр далд сурталчилгааг хамгийн бага гаргажээ.
Ж.БАТДОРЖ