Монгол Улсад анх удаа сонгуулийн саналыг цахим машинаар тоолох болоод байгаа билээ. Харин өглөөний байдлаар Төв, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим хэсгийн хороод, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүргийн хэсгийн хороодод санал тоолох машин ажиллахгүй байгаагийн улмаас сонгогчид саналаа өгч чадахгүй, хүлээхэд хүрээд байгаа талаар мэдээлэл ирсэн юм.
Энэ талаар СЕХ-оос тодруулахад, анх удаа цахим хэлбэрээр явуулж байгаа учраас мэр сэр ийм асуудал гарсан. Гэхдээ бид энэ байдлыг урьдаас тооцож үзсний үндсэн дээр тойрог бүр дээр явуулын засвар үйлчилгээний баг болон нөөц машин байрлуулсан байгаа хэмээн мэдээлсэн юм. Хэсгийн хороод дээр санал тоолох явц удааширч байгаагийн нэг шалтгаан нь машиныг ажиллуулах даамлуудын ажлын туршлага, мэдлэг дутмаг байгаатай холбоотой байгаа аж. Машиныг хариуцан ажиллах хүнийг урьдаас сургаж, тусгайлан бэлтгэсэн ч машинаа ажиллуулах үеэр сандрах, буруу товчлуур дарах, буруу код оруулах мэтийн алдаа гаргасны улмаас машин гацсан байна. Машины бага хэмжээний гэмтэл, системийн алдааг явуулын баг засварлаж, асуудлыг дор бүр нь шийдэж байгаа. Харин шаардлагатай бол зарим машиныг солих арга хэмжээ авахад бэлэн байгаа юм байна.
Мөн санал хураах машин ажиллахгүй үед гар аргаар санал тоолох журмыг СЕХ-ноос батлан, бүх тойргийн хэсэг, хороодод хүргүүлсэн байгаа талаар мэдээлсэн юм.
Б.МАНДУХАЙ