Монгол Улсын хэмжээгээр нийт 1906 хэсэгт 1.833.478 сонгогч 11 нам, хоёр эвсэл, 544 нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн юм. Эдгээр сонгогчдын нэг сая 29 мянга нь хөдөө орон нутагт саналаа өгөх бол 840 мянга гаруй нь нийслэлд саналаа өгөх сонгогч байсан.
Сонгуулийн санал хураах үйл явц зургаадугаар сарын 28-ны өглөөний 07:00 цагт орон даяар албан ёсоор эхэлсэн юм. Санал хураах үйл явц 11:00 цагийн байдлаар 19.2 хувийн ирцтэй байсан бол 16:00 цагийн байдлаар 49.8 хувийн ирцтэй байсан юм. Бүтэн 13 цагийн турш санал хураах үйл явц үргэлжилсний эцэст хуулийн дагуу 20:00 цагт сонгуулийн санал авах хэсгийн хороод үйл ажиллагаагаа зогсоолоо.
Үүний дараа дараагийн шатны ажил болох явуулын хайрцгаар цуглуулсан санал болон, гадаадад суугаа иргэдийн саналыг тоолох юм. Өчигдөр өөрийн биеэр санал өгөх боломжгүй 14311 иргэнээс саналын хайрцгаар санал хураасан. Битүүмжилсэн саналын хайрцгуудыг харьяа хэсгийн хороод дээр хяналтын дагуу задлан санал тоолох машинд уншуулж байгаа аж.
Б.МАНДУХАЙ