Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа, улсынхаа нийслэлийн жолоог атгах ИТХ-ын шинэ бүрэл дэхүүнийг сонгох ажиллагаа өчигдөр 07.00 цагт орон даяар эхэллээ. “Өнөөдөр” сонины сурвалжлах баг УИХ-ын сонгуулийн 25, НИТХ-ын 21 дүгээр тойргийн хорооны 49, 50 дугаар хэсгийн хорооноос нээлтийн арга хэмжээг сурвалжилсан юм.
Нийслэлийн Баянгол дүүргийн XX хорооны сонгогчид уг хэсгийн хороонд саналаа өгсөн. Тэнд түрүүчийн хоёр сонгогч 06.40 минутад ирэв. Гэргийнхээ хамт ирсэн энэ хүн бол Хөдөлмөрийн баатар Н.Тэрбиш байв. Шинэ хороолол ашиглалтад орж, XX хорооны хүн ам нэмэгдсэн учир энэ удаа тэднийг хоёр хэсгийн хороонд хуваажээ. Нийслэлийн 19 дүгээр сургууль дээр байрлах 49 дүгээр хэсгийн хороонд 1525, 50 дугаар хэсгийн хороонд 2286 сонгогч бүртгэгдсэн байв.
Хэсгийн хороод 06.40 цагт санал тоолох машин, бүртгэлийн төхөөрөмжөө суури луулаад 06.50 цагт Тө рийн дууллаа эгшиглүүлж, нээлтээ хийв. Ингээд машиныг нээх кодыг хийгээд яг 07.00 цагт санал авах ажиллагааг эхлүүлсэн. 49 дүгээр хэсгийн хороонд хамгийн эхэнд сонгогч Б.Пүрэвзул саналаа өгөв. Тэрбээр “Энэ жил санал авах цаг өмнөх сонгуулиудаас богиноссон учир нэг хүн ч болов цагтаа ирэх нь ирц бүрдэхэд хэрэгтэй гэж бодлоо. Зохион байгуулалт сайн байна, саналын хуудас бөглөхөд ямар нэг бэрхшээл гарсангүй” гэлээ. Түрүүчийн сонгогчийн араас иргэд цувж эхлэв. Сонгогчдын идэвх сайн байх нь гэсэн бодол төрж байлаа. Тэнд хэсэг хугацаанд байхад хуудсаа буруу бөглөсөн, эсвэл машин уншихгүй байх гэх мэт түвэг учирсангүй. Тус хэсгийн хорооны дарга Д.Хоролсүрэн “Манайд 1621 саналын хуудас өгсний 1500-г тамгалж бэлтгэсэн. 121 саналын хуудас нөөцөлсөн байгаа” гэлээ.
Тойргийн хороо бүр хоёр хэсгийн хороог сонгож, хяналтын (гараар) тооллого явуулах учиртай. Энэ хэсгийн хороонд ийм тооллого хийх юм билээ. Тэд 20.00 цагт саналаа авч дууссаны дараа хуудсуудыг гараар давхар тоолж, машины гаргасан дүнтэй тулгана. Гэхдээ 49 дүгээр хэсгийн хороо зөвхөн НИТХ-ын саналыг тоолох гэнэ. Баянгол дүүргийн XX хорооны сонгогчид хоёр хэсэгт хуваагдан саналаа өгч буй учир үүнээс болоод бага зэрэг будилж байлаа. 49 дүгээр хэсгийн хороонд харьяалалтай нэгэн гэр бүл 50 дугаар хэсгийн хороонд оччихоод “Бүртгэлд биднийг бичээгүй байна” хэмээн бухимдаж байв. Тус хэсэг дээр 07.30 цагийн байдлаар 30 орчим хүн саналаа өгчээ. Мөн нэг сонгогч хоёр дахь удаагаа саналын хуудас авсныг эс тооцвол будлих хүн гарсангүй. МАН, АН, ИЗНН, ИХН, “Шударга ёс” эвслийн ажиглагч нар ч “Одоогийн байдлаар бүх юм хэвийн байна” гэж байлаа. Саналаа өгөөд гарч ирсэн хөгшид харин хоёр мандаттай тойрогт нэг хүн дугуйлчихсан байна гэх мэтээр хоорондоо ярьж байх нь сонсдов.
УИХ-ын сонгуулийн ирцийн талаар СЕХ өчигдөр тодорхой цагуудад мэдээлэл хийсэн юм. Эхний мэдээллийг 11.55 цагт хийлээ. 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 1835729 сонгогчийн 19.2 хувь нь саналаа өгөөд байна гэв. Чингэлтэй дүүрэгт ирц хамгийн бага буюу 15.5 хувь байсан бол Ховдод хамгийн өндөр буюу 25.6 хувь байсан аж. Манай сурвалжлах хэсэг зарим аймгууд руу ярьж мэдээлэл авсан юм. 13.50 цагт Сонгуулийн 20 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатартай холбогдлоо. Орхон аймагт сонгуулийн явц хэвийн байв. “11.00 цагийн байдлаар санал өгсөн хүмүүсийн ирц 18.4 хувьтай байна. Ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй. Харин иргэний бүртгэлтэй холбоотой, үнэмлэхнийх нь дугаар зөрсөн гэх мэт хэд хэдэн асуудал гарсан. Тиймээс хүмүүсийг иргэний бүртгэлийн байгууллага руу нь явуулсан.
Саналын хуудас тоолох машин, техник хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл гараагүй” гэлээ. 16.00 цагт Өвөрхангай аймаг руу холбоо барилаа. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн хэмжээнд 71882 сонгогч нэрсийн жагсаалтад байгаа аж. Тус аймгийн Тойргийн хорооныхон 12.00, 16.00 цагт сонгуулийн явцыг орон нутгийнхандаа мэдээлжээ. “16.00 цагийн байдлаар 39171 хүн буюу сонгогчдын 54.4 хувь нь саналаа өгсөн. Хэсгийн зарим хороонд хурууны хээ авдаг машин гацах зэрэг техникийн саатал гарсныг эс тооцвол сонгууль хуулийн дагуу, хэвийн болж байна. Техникийн саатлыг дор нь арилгасан. 20.00 цаг гэхэд нийт сонгогчдын 60 гаруй хувь нь саналаа өгөх төлөвтэй” гэж аравдугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат ярилаа. Тус аймгийн Гучин-Ус сумын сонгогчдын 72 хувь, Арвайхээр сумынхны 46 хувь нь энэ үед саналаа өгснөөр сонгуулийн идэвх хамгийн сайн болон муу сумаар тодроод байв. Үүнээс хойш цагийн дараа холбогдоход аймгийн нийт сонгогчдын 60 гаруй хувь нь санал өгсөн гэж мэдээлэв.
18.50 цагт Сонгуулийн 20 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатартай дахин холбогдоход сонгууль тайван, иргэд идэвхтэй оролцож байна гэв. Тус аймагт сонгууль өгөх ёстой 65350 хүн байгаагийн 39022 хувь нь 18.00 цагийн байдлаар саналаа өгсөн байна. Сонгогчдын ирц 55.7 хувьтай байлаа. Ямар нэгэн зөрчил дутагдал, хүндрэл гараагүй гэв. СЕХ дараагийн мэдээллээ 17.00 цагт хийж, 16.00 цагийн байдлаар нэгтгэсэн ирцийг танилцуулав. Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 45.02, орон нутагт 53.5 хувь байна гэлээ. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй сонгогчдын 39.5 хувь саналаа өгсөн нь хамгийн бага хувь байсан бол завханчуудын 64.9 хувь нь сонголтоо хийгээд байгаа аж. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 49.8 хувь байв. Хэдийгээр ихэнх газар ирц 50 хувь давсан ч энэ нь өмнөх сонгуультай харьцуулахад бага байгааг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн хэлээд “Энэ удаа бүртгэл, санал тоолох явцад автомат төхөөрөмж ашиглаж буй учир санал авахад цаг их зарцуулж байна.
Өмнөх сонгуулиар 17.00 цагт дундаж ирц 57.7 хувь байсан“ гэлээ. Анх удаа автомат техник ашиглаж байгаа учир хэсгийн хорооны ахлагч нь нууц үгээ мартах, сандрах гэх мэтээс үүдээд машин гацах, ажиллахгүй байх явдал гарсан. Үүнийг “уучилж” ойлгож үзнэ үү гэлээ. Сүхбаатар аймагт сонгогч саналын хуудсаа нугалж хийснээс машин эвдэрсэн гэнэ. Энэ мэтээр хаана хаанаа мэдлэг мэдээлэл дутмагаас асуудал гарч буй аж. Мөн Хөвсгөл, Булган аймаг болон Тэрэлжид гол үерлэснээс болоод иргэд саналаа өгч чадахгүй байсан тул тухайн тойргийн хороо, онцгой байдлын албад хамтран асуудлыг шийджээ. Шаардагдах хөрөнгийг СЕХ гаргасан байна. Мөн тэд гадаадад амьдарч буй иргэдийн саналыг тоолох Ажлын хэсэг байгуулснаа мэдээлэв. Зөөврийн битүүмжилсэн хайрц гаар санал өгөхөөр бүртг үүл сэн 16029 хүнээс 14311 нь саналаа өгснийг дуулгалаа. Саналын хуудасны хэмжээ зөрсөн, хуурамч байсан гэх мэдээллийг СЕХ шинжээчээ явуулж нягтлаад “Баталгаат хуудас мөн байна. Хэмжээ нь үйлдвэрээс алдаатай гарсан” хэмээн тогтоожээ.
Сонгогчдод автобусаар үйлчилсэн, “Манай намыг дэмжээрэй” гэж мөнгө тараасан, саналаа өгсөн сонгогчийн ир гэний үнэмлэхийг бүртгэлийн та салбаргүй үдсэн гэх мэт олон мэдээлэл байсан ч СЕХ-нд албан ёсоор хандсан нь үгүй аж. Асуудал байвал хуулийн дагуу Тойргийн хороо нь шийдэх учиртай тул СЕХ үнэндээ энэ бүхэнд тодорхой тайлбар өгч чадахгүй байлаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар хэсгийн хорооны ажилтан хоёр сонгогчид саналын дөрвөн хуудас олгосон, нөгөөдүүл нь ижилхэн бөгл өөд машинд уншуулахдаа баригдсан асуудал гарсныг шалгахаа СЕХ мэдэгдсэн. Уг дүүрэгт “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Хосбаяр “Нэг айлын хаяг дээр өөр хүмүүс бүртгэсэн. Тэд өглөө саналаа өгөөд явчихсан хэрэг гарлаа. Үүнийг яаж шийдэх юм бэ” хэмээн асуув. СЕХ-ны дарга “УБЕГ-аас гаргасан жагсаалт дээр тулгуурлан сонгууль явуулж байгаа. Нэр нь жагсаалтад орсон л бол санал өгөх эрхтэй, одоо дээрх маргааныг зогсоох боломжгүй. Дараа нь нягтална” гэлээ.
Дорноговь аймагт “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Ч.Чимидцэрэнгийн нэрийг жагсаалтаас өөрчилж, бие даагч болгон бичсэн гэсэн мэдээлэлд СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Саналын хуудсыг хэвлэхийн өмнө бүх нам, эвслийн төлөөллийг байлцуулан хянуулсан. Улмаар тэд “Хэвлэхийг зөвшөөрч байна” гэсэн гарын үсэг зурсан. Уг эвслийнхэн ч ингэж гарын үсгээ зурсан учир тийм асуудал гараагүй байх” гэсэн хариу өгөв. СЕХ 20.00 цагт гадаадад амьдарч буй иргэдийн саналыг нээлттэй тоолох зар тараасан ч цаг гаруйгаар сунав. Эцэст нь Ажлын хэсэг бэлтгэл хангаж дуусаагүй гээд ирцийн мэдээг 21.30 цагт танилцууллаа.
20.00 цаг орчмын урьдчилсан дүнгээр нийслэлийн хэмжээнд ирц 63.24, орон нутагт 66.8, улсын хэмжээгээр 65.24 хувь байлаа. Санал хураалтын албан ёсны дүнг хэзээ танилцуулах вэ, ядаж урьдчилсан дүнг нь мэдээлэх үү гэдэг нь хэвлэлийнхэнд ч, намуудад ч сонин байсан. Гэвч “хэзээ” гэсэн сэтгүүлчийн асуултад СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Хуулиар санал хураалтын албан ёсны дүнг 15 хоногт багтааж гаргана” гэсэн “холын” хариу өгсөн юм. Ингэж удах байсан юм бол автомат машин ашигласны хэрэг байгаагүй юм биш үү гэхэд “УИХ саналын дүнг хангалттай сайн нягталж байж мэдээл гэж 15 хоногийн хугацааг хуульд заасан байлгүй” гэлээ. Хуульд заасны дагуу санал хураах ажил орон даяар 20.00 цагт дуусав. Бид УИХ-ын 21 дүгээр тойргийн дөрөвдүгээр хэсэг, НИТХ-ын нэгдүгээр тойргийн мөн хэсэгт очиж, хаалтын үйл ажиллагааг сурвалжлав. Тус хэсэгт нийт 1919 хүний санал авахаар бүртгэснээс 1273 сонгогч саналаа өгчээ. Тус хэсэгт 19.55 цагт сүүлчийн сонгогч саналаа өгч, 20:00 цагт хаалгаа барьсан юм. Хэсгийн хорооны ахлагч толгой компьютерт хаах кодыг хийж, нийт санал өгсөн иргэдийн мэдээллийг 20.05 цагт гаргалаа. Үүний дараагаар зөөврийн долоон ширхэг саналыг автомат машинд уншуулав. Дараа нь санал унших хоёр машиныг ICP001 автомат соронзон түлхүүр уншуулан нэгдсэн тайланг хэвлэн гаргасан юм. Нийт есөн ширхэг тайланг хэвлэн гаргав. Үүнээс зургаан ширхгийг нь нам, эвслийн ажиглагч нарт өгч, үлдсэн гурав нь СЕХ, тойрог, хэсгийн хороонд тус тус үлдэв. Түүнчлэн 21.20 цагт автомат хоёр машиныг серверт холбон, нэгдсэн мэдээллийг СЕХ руу дамжуулав. Мэдээллээ дамжуулж дууссаны дараа автомат машиныг онгойлгон саналын хуудсыг зуу, зуугаар нь багцлан битүүмжлээд баталгаажуулсан хайрцагт хийн СЕХ-нд хүргүүлэв.
С.УУЛ
ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР ИРГЭНИЙ ЭРХЭЭ ЭДЭЛЛЭЭ Ц.ЭЛБЭГДОРЖ: АРДЧИЛАЛ, ХӨГЖИЛ ДЭВШИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ СОНГУУЛЬ БОЛНО
08.10 цаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Ерөнхийлөгч Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутагт дэвсгэр дэх Сонгуулийн дөрөвдүгээр хэсгийн хороо буюу Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн байранд саналаа өгсөн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ удаагийн сонгууль Монгол Улсын ардчилал, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийт иргэддээ уриалъя” хэмээлээ.
Д.ДЭМБЭРЭЛ: ӨНӨӨДӨР ИРГЭД ТӨРДӨӨ ЗОРИУЛАХ ӨДӨР
09.10 цаг. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гэргий М.Дол горсүрэнгийн хамт УИХ, Нийс лэлийн ИТХын сонгуулийн 22 дугаар тойргийн 41 дүгээр хэсэг буюу Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг дэх санал авах байрт ирж саналаа өглөө.
Тэрбээр “Өнөөдөр Монголын ард түмэн дөрвөн жил тутам байгуулдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаа сонгох өдрийг угтаж байна. Өнөөдөр иргэд төрдөө зориулах өдөр” хэмээн онцолжээ.
С.БАТБОЛД: МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА УЛАМ ИХИЙГ БҮТЭЭХ БОЛНО
11.20 цаг. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд гэргийн
хамт нийслэлийн Хан-Уул дүүргийн УИХын 21 дүгээр тойрог, НИТХ-ын хоёрдугаар тойргийн 26 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгч, 383 дахь сонгогчоор бүртгэгдлээ. Тэрбээр дараа нь хэвлэл мэдээллийнхний асуултад хариулж “Нар, хур тэгширсэн энэ өдрийн мэндийг монгол түмэндээ хүргэе. Ард түмэн, сонгогч түмэндээ төрийн эрх барих дээд байгууллага УИХ болон НИТХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Улс орны маань хөгжил дэвшил улам эрчтэй, ард түмний маань амьдрал илүү сайхан байхын ерөөлийг дэвшүүлье. Ард түмний минь сонголт мэргэн байна гэдэгт би итгэлтэй байна. Монгол Улс маань мандан бадартугай. Монголчууд бид хамтдаа улам ихийг бүтээх болно. Сонгууль шударга, зөв сайхан болох болтугай ” хэмээн хэллээ. Ерөнхий сайдыг санал өгөх үеэр тус хэсгийн хорооны сонгогчдын 20 хувь нь са налаа өгөөд байсан бөгөөд сон гогчдын идэвх сайн байна гэсэн мэдээллийг хэсгийн хорооны ажилтнууд өгөв. Сонгуулийн үйл явцыг ажиглаж буй гадаадын ажиг лагчид “Эмх замбараатай сонгууль болж байна” хэмээн өгүүлэв.
АН-ЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ: ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ УЛАМ ДЭЭШИЛНЭ
11.50 цаг. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг морин цагт буюу өдрийн 11.50 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26 дугаар тойргийн 44 дүгээр хэсгийн хороо, Нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр тойргийн 44 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Түүнийг саналаа өгсний дараа Монголын болон гадаадын сэтгүүлчид цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр “Өнөөдөр ард түмэн минь сонголтоо зөв хийж, ард түмний ахуй амьдрал ирэх дөрвөн жилд дээшилж дэвших өдрүүд байх болно. Та бүхэн минь эртхэн олуулаа ирж саналаа өгөөрэй. Мөн санал өгөх үйл явцыг автоматжуулсан системд шилжүүлсэн нь сайн талтай, хүндрэл, чирэгдэлгүй байгаа нь харагдлаа. Харин иргэний бүртгэлтэй холбоотой будлиан бага гарвал энэ жилийн сонгууль сайхан, шударга болно гэдэгт найдаж байна. Монгол түмний минь сонголт мэргэн байг” хэмээн ярив.
Д.ОЮУН