Орон даяар сүүлийн өдрүүдэд хур бороо ихтэй байсан учраас гол үерлэж, иргэд саналаа өгөх боломжгүй байгаа тухай гомдол өчигдөр цөөнгүй ирсэн байна. Тухайлбал, Тэрэлжийн гол үерлэснээс 180 гаруй иргэн санал өгөх боломжгүй байсныг дүүргийн Онцгой байдлын хэл тэс, Зэвсэгт хүчний анги салбарын аврагчид машинтай очиж гаргаж өгчээ. Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ суманд Баруунбаянгол гэдэг газарт хүмүүс усанд боогдон, сонгуульд оролцох боломжгүй болсныг харьяа онцгой байдлын салбарын ажилтнууд “ЗИЛ-130” машинаар гол гатлуулсан байна.
Хөвсгөлд ч мөн ийм тохиолдол гарсан аж. Түүнчлэн Булган аймгийн хэд хэдэн газарт гол үертэй байсан тул ОБЕГ-т хүсэлт тавьсны дагуу сонгуулийн өдөр моторт завьтай хүмүүс ажиллуулжээ. “Тэшиг, Баянгол, Хутаг- Өндөр суманд манай эрэн хайх аврах бүлгийн ажилтнууд дөрөв дөрвөөрөө гурван баг болж ажиллаж байгаа. Тэндээс 18.00 цагт ирсэн мэдээллээр Тэшиг суманд 60-аад хүнийг гол гатлуулсан бол Хутаг- Өндөрийн Хантай багт 70 гаруй хүнийг моторт завиар зөөсөн” хэмээн тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч Д.Ууганбаяр ярилаа.
УИХ-ын болон ИТХ-ын сонгуулийн үеэр бороо орж, үер усны аюул тулгарсан тохиолдолд сонгогчдыг зөөх хоёр нисдэг тэрэг бэлэн байдалд байлгах үүргийг Улсын онцгой комисст өгөөд байсан. Гэхдээ өчигдөр сонгогчдыг нисдэг тэргээр зөөх дээрээ хүртэл байдал хүндрээгүй юм.
Л.ЧИМЭГ