“Лондон 2012” олимпийн наадамд оролцох 29 тамирчныхаа тэмцээн уралдааны хуваарийг толилуулъя. Монголын багийн салхийг хагалж, олимпийн наадмын нээлтийн өдөр буюу долдугаар сарын 27-ны 9.00 цагаас (тэмцээний хуваарийг орон нутгийн цагаар бичив. Лондон хот Улаанбаатараас -7 цагийн зөрүүтэй оршдог) манай байт харвааны хоёр тамирчин Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар урьдчилсан харваанд цэц сорино. Харин маргаашнаас нь манай гол найдварууд болох жүдочдын тэмцээн эхлэх юм.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг нар “цагаан өмсг өлтнүүд”-ийн салхийг хагална. Ер нь манайхан урьдчилсан шатаа амжилттай даваад байвал спорт сонирхогчид маань өдөр болгон тамирчдаа цэнхэр дэлгэцээр харах хуваарьтай аж. Сонирхуулахад мэргэн буучдын өмнө олимпийн хоёр медаль авах боломж нээлттэй байна. Учир нь О.Гүндэгмаа хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 м, Н.Баяраа урт бууны хэвтээ болон гурван байрлалаас буудах дасгалуудад онч сорих билээ.
Тэгвэл Монголын тамирчдаас “Лондон 2012”-ын эрхийг хамгийн түрүүнд авсан, олимпийн багийн тугч Б.Сэр-Од маань уламжлал ёсоор наадмын сүүлчийн өдөр марафоны замдаа гарна. Мөн энэ өдөр боксын Н.Төгсцогт (52 кг), Б.Түвшинбат (69 кг) нар маань аваргын төлөө тоглохоор үлдээд байх ч юм бил үү.