Улсын Их хурлын ээлжит сонгууль болдгоороо болж өнгөрөв. Маргаан будлианы тухай яриа ч гардгаараа гарч байна. Ялсан нь ялсан шиг байж чаддаггүй, ялагдсан нь ялагдсанаа хүлээн зөвшөөрдөггүй, заргач заальхайгаараа зард гарсан хоёр намын ужиг дахиад л сэдэрч эхлэв.
Ер нь бол “Ингэх гээд байсан юм аа” гэдэг шиг сонгуулийн үр дүн нэг иймэрхүү дүр зурагтай л байх болов уу гэсэн таамаг биеллээ олов. Гэхдээ нийслэлийн ИТХ-д АН олонх суудал авч, Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг дарга болно гэсэн төсөөлөл тийм ч олон хүнд байгаагүй болов уу.
Энэ бүхнийг орхин сонгуулийн дараа үүсээд буй нөхцөл байдал, ирэх дөрвөн жилд Монголын улс төрийн амьдрал ямархуу нигууртай байхыг таамаглах гээд үзье.
МАН-Д ХАДАГ БАРИХААС ӨӨР ЗАМ ҮГҮЙ
Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан урьдчилсан дүнгээр бол 48 тойргоос АН- 22, МАН-19, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дөрөв, бие даагчид гурван суудал авчээ. Сонгуулийн хуулийн дагуу сонгогчдын таван хувийн босго давсан нам УИХ-д суудалтай болно. Тэгэхээр дээрх гурван нам, эвсэл дээр 5.51 хувийн саналтай ИЗНН нэмэгдэх нь. Намуудад сонгогчдын өгсөн саналаар үлдсэн 28 суудлыг хуваарилахад АН-д 10, МАН-д ес, МАХН-МҮАН-д долоо, ИЗНН-д хоёр суудал ногдохоор байна. Энэ бол шинэ парламент АН-ын 32, МАН-ын 28, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 11, ИЗНН-ын хоёроос гадна гурван бие даагч гэсэн бүрэлдэхүүнтэй болно гэсэн үг. 28 ху вийн босго саналыг авч чадаагүй нэр дэвшигчдын хооронд, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт болно.
Баянзүрхэд МАН-ын Б.Батзориг, Д.Арвин нар хоорондоо, Сонгинохайрханд АН-ын Л.Эрхэмбаяр, МАН-ын Д.Сумъяабазар нар хүч үзнэ. Баянзүрхэд хэн нь ч ялсан суудлын тоонд өөрчлөлт орохгүй, харин Д.Сумъяабазар да хих барилдаанд өрсөлдөгчөө өвдөг шороодуулж чадвал АН 31, МАН 29 суудалтай болно. Тэглээ гээд хүчний харьцаанд өөрчлөлт орохгүй. Засгийг эмхлэн байгуулах талаар санал тавих давуу эрх АН-д хэвээрээ үлдэнэ. Тэгэхээр нэлээд сонирхолтой, өнөөгийн Монголын улс төрийн өнгийг илэрхийлж чадахуйц бүрэл дэхүүнтэй парламент болох нь. Ардчилсан Нам үнэмлэхүй олон хийн суудал авч чадаагүй, бусдаас арай илүү суудалтай тул Засгийн газрыг дангаараа эмхлэн байгуулах хуулийн боломж үгүй бөгөөд тийм учраас бусад нам, эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулах болно. Тэд хэнтэй эвсэх вэ? МАН юм уу, “Шударга ёс” эвсэл гэсэн хоёрхон гарц байна. Яагаад гэвэл долоогоос дээш суудалтай нам, эвсэл л тэдний “хөнжлийг бүлээцүүлэх” боломжтой. Энэ тохиолдолд тэд хараахан “Шударга ёс” эвслийг сонгохгүй болов уу. Тиймээс хуучны хамтрагч МАН-даа хадаг барихаас өөр арга алга. Чухамдаа бол ингэх нь тийм ч буруу үйлдэл биш бөгөөд ард түмний “ХААН СОНГОЛТ” ийм л байсан.
Халаагаа өгөх гэж буй Засгийн газарт гурван жил хамтран ажилласан хоёр намыг сөрөг хүчингүй, бие биедээ ая тал засахаас өөр аргагүй нөхцөл дунд амьдарлаа хэмээсэн шүүмжлэл байнга дагасаар, эцэст нь АН амиа бодон, зугтаж одсон түүх өчигдөрхөн. Энэ удаад бол өөр. Хоёр нам хамтрахад цаана нь 11 суудалтай айхтар том сөрөг хүчин байх нь. Энэ сөрөг хүчин сөргөлдөх, улс төрийн хөзөр тоглох, өөрсдийн өнгө будгийг зүлгэхийн төлөө биш, хамтарсан Засгийн газрын алдаа оноог ил шударга хэлж, засаж сайжруулах, санаагүйг нь сануулж, сэрээгүйг нь сэрэмжлүүлэх эрүүл замыг сонгох юм бол ирэх парламентын өнгө төрх тийм ч муугүй байх дүр зураг харагдаж байна.
Харин МАН хамтрахаас татгал зах, эсвэл хамтарсан ч удалгүй инж сүйгээ буцаах, нэг бол АН-ыг МАХН-МҮАН-ын эвсэлтэй хамтрахаас өөр сонголтгүй нөхцөл рүү түлхэж, өөрсдөө сөргөлдөгчийн олбог дээр суух юм бол ирэх дөрвөн жил Мон голын улс төрд тогтворгүй байдал нүүрлэж, эдийн засгийн өсөлтийн үр дүн аманд ч үгүй, хамарт ч үгүй болох гамшиг, жинхэнээр баялгийн хараал тусах харанхуй ангал Монголыг, монголчуудыг тосох болно. Тэгэхээр улс орон, ард иргэдийн эрх ашигт шууд харш ийм замыг МАН сонгохгүй болов уу. Ер нь бол МАН ялагдсан нь, ялагдахдаа цэвэр биш, онооны ялимгүй дутуугаар хожигдож, хамтарсан Засгийн бүрэлдэхүүнд багтах хэмжээний суудалтай болсон нь тэдний ирээдүйд олз тээж ирж байх магадлалтай. Хэрвээ МАН энэ сонгуульд ялж, засгийн эрхийг барьсан бол 2016 он гэхэд Монголын улс төрөөс үсгүй хусуулах замаа засах байсан ч байж магадгүй. Уг нь энэ хоёр том намын нэг нь нялхсын өвчнөө илааршуулж, нөгөө нь өнгөрснөөс үлдэж хоцорсон буруу муугаа таягдан хаяж, шинэ зууны шинэ нам болж төлөвших цаг хэдийнэ болсон. Улмаар бодлогын хийгээд үйл ажиллагааны эрүүл өрсөлдөөн өрнүүлж, тэр нь Монголын маргаашийн урагшлах замын дэнлүү болж байх ёстой.
МАН ялагдсан нь оносон хэмээх тэрслүү дүгнэлт хийхийн учир нь тэднийг нэг удаа амсхийг. Бууж үдлэх завгүй шахам явсан нүүдлийн замд түр зогсож, ачаатай тэмээнийхээ нурууг амраан, хазайж хэлтийсэн ачаа бараагаа засаг гэснийх билээ. Буудлагын бай шиг шүршүүлсээр сэг болох шахсан намаа, намын дотоод эрхтэнд бугшаад байгаа хавдар үрэвслээ эдгээж авах нь тэдний ирээдүйд өлзийтэй. Нөгөө талаар АН ч гэсэн дангаар засаглах хэмжээний суудал аваагүй нь бас аз байж мэднэ. Тэд олонх болохоороо хүчиндээ эрддэг, авч давхидаг, бүлэг фракцын зөрчил нь гүнзгийрдэг, хариуцлага хатамжаар маруухан гэсэн оноштой билээ. Үнэмлэхүй ялалт аваад урьдын замаараа, үймүүлж самууруулдаг төрхөөрөө засгийн эрх барих юм бол 2016 он гэхэд “Энэ нөхдөөр засаг бариулж ерөөсөө болохгүй юм байна” гэсэн хар тамга даруулчихаж магадгүй бөлгөө. Тиймээс АН, МАН-ынхан ачааны хүндийг эн тэнцүүхэн үүрэлцэх түүхэн хувь зохиолоо гүнээ ухамсарлаж, ихэрхэж багтарч, туньж гомдолгүйгээр монголчуудад цавхийтэл тохиосон боломжийг эх орондоо хүн шиг амьдрах, энэ ертөнцийн дотор улс шиг улс болох түлхүүр болгон ашиглахын төлөө зүтгэх цаг иржээ. Хоёр том нам хамтрах шалтгааныг дөрвөн жилийн өмнө С.Баяр “Түүхэн сонголт” хэмээн нэрлэж байсан. Өдгөө тэд “Түүхэн сонголт-2”- ын өмнө ирэв.
Д.ЗОРИГТЫГ, Д.ОДБАЯРЫГ, Г.ЗАНДАНШАТАРЫГ, Г.БАТХҮҮГ “ПЯЛСАН” СОНГОЛТ
Иргэдийн сонголтыг шүүмжлэх эрх хэнд ч үгүй. Гэхдээ мэдлэг боловсрол, туршлага чадвар, хат мэдрэмж хосолсон, Монголын парламентад байвал зохих хүмүүсийн төлөөлөл болсон Д.Зоригт, Д.Одбаяр, Г.Занданшатар, Г.Батхүү нар сонголтын гадна үлдсэн нь гонсойлгож буйг нуугаад яахав. Тэд уг нь парламентад байж байх ёстой хүмүүс юмсан. Түүнчлэн Д.Бат-Эрдэнээс Х.Бадамсүрэн нь, Б.Наранхүүгээс Б.Амарсанаа нь, Б.Гарамгайбаатараас Н.Ганбямба нь дээр гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Архангайгаас Ж.Мөнхбатыг, Дорнодоос Б.Мөнхцэцэгийг, Увсаас Д.Нямхүүг, Ховдоос Ш.Адъшааг, Дарханаас Ж.Сүхбаатарыг, Орхоноос Д.Одхүүг, Баянзүрх дүүргээс Б.Мөнхбаатарыг, Сүхбаатар дүүргээс Ц.Цогзолмааг гараад ирээсэй гэж бодож байлаа. Гэхдээ нэгэнт өрсөлдөөн бол өрсөлдөөн, хэнийг нь сонгохоо сонгогч өөрөө мэддэг хойно яана гэхэв.
Сонгогчийн хүслээс гадуур юм л битгий болчихсон байгаасай билээ. Сүүлийн үед сонгуульд оролцсон нам, эвслүүд (АН-аас бусад) будлиан орчихлоо гэж үзээд байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Үнэхээр яагаад ч хүч хүрэлгүй өв дөг шороодсон бол хүмүүс нэг их гом доллоод байдаггүй дээ. Засуулын дэмээр, хөлийн цэцийн буруугаас болж унасан болсон, эсвэл давсныг нь унасан гэж улайм цайм луйвардвал хэний ч гэдэн хөдлөх нь дамжиггүй. Санал тоолох автомат төхөөрөмжийг анх удаа ашигласан нь будлиан зөрчлийг гаргахгүй байхын төлөө л хийсэн ажил. Энэ төхөөрөмжөөр санал өгсөн сонгогчдын хувьд сэтгэл хангалуун байна лээ. Харин хүний үйл ажиллагаа оролцсон буюу дүнг гаргах үйл явц дээрээс будлиан үүсээд байгааг яах вэ? Машин бол машин. Тэр хүн биш. Программынхаа дагуу л ажиллана. Зөвийг ч өгсөн, бурууг ч өгсөн тэрийг л уншина. Бас хүн зориудаар гацаачих юм бол тэр гомдол нэхэж чадахгүй. Намайг эвдсэн гэж маргалдаж мэдэхгүй.
1230 хүн санал хураалтад орсон байтал машинаас 1760 саналын хуудас гарсан, өөр нэг хэсэгт 1874 хүн саналаа өгсөн байтал 2331 санал тоологдсон, Хэнтий, Архангай, Баянхонгор зэрэг аймагт нэг нэр дэвшигч нөгөөгөөсөө илүү саналтай явж байтал машиныг гацааж, хэдэн цагийн дараа дахин дүн ирүүлэхдээ саналын дүн өмнөхөөсөө эсрэг гарсан гэх мэт гайхмаар, барим тавим баримт яриад байгаа нь хөөрхий машиныг хүн “хүчиндчихсэн”-ийг илчилсэн хэрэг биш байгаа даа. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Ш.Төмөрсүх өөрийнхөө намд санал өгсөн нь хэнд ч тодорхой зүйл. Гэтэл түүний саналаа өгсөн хэсгийн хорооноос ЭЧХН-д нэг ч хүн санал өгсөнгүй ээ гэсэн дүн гарсан гэх юм. Гол будлиан нийслэлд гарсан бололтой. Бүр гайхаад яахаа мэдэхээ байчихсан байгууллага, хүмүүс ч байх шиг байна. Эдгээр баримт үнэн бол тооллогод “но” орчихжээ. Хэчнээн ухаантай ч машин алддаг, алдаагүйг нь алдсан болгочихдог хүний хүчин зүйл гэж нэг юм байдаг шүү дээ
. Хяналтын тооллого хийсэн хэсэгт зөрөө гараагүй гэж СЕХ өндөр дуугаар мэдэгдээд байгаа боловч, “Зөрөө гарсан шүү дээ” гэж өөр байгууллага өөр дуугаар мэдэгдээд байх юм. Сонгуульд оролцсон 11 нам, эвслээс ганцаас бусад нь буюу 10 нь хяналтын тооллогыг арай өөр маягаар хийгээд үзье, болохгүй бол бүгдийг нь дахин гараар тоолъё гээд байгааг СЕХ анхааралдаа авах ёстой баймаар. Бүгдийг нь тоолдоггүй юмаа гэхэд маргаан гарсан гэж үзээд байгаа тухайн хэсгийн хороонд тоолж үзээд зөрүү гарахгүй бол үг хэл гаргагчдын амыг таглах, зөрүү гарвал цааш нягтлах нь СЕХны үүрэг мөн байлтай. Бид удахгүй орон нутгийн, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуулиа хийнэ. Саналаа өгнө. Автомат машинаа ашиглана. Тэгэхээр тэрний наана энэ хэдэн хар хайрцгийг бүтэн нэртэй болгож авах нь хэн хэндээ хэрэгтэй байх аа.