УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн албан ёсны урьдчилсан дүнг СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлээд байна. УИХ, НИТХ-д АН харьцангуй олонхийн суудал авчээ. Уржигдар гэхэд бүх хэсгийн хороонд байрлуулсан 2446 машинаас санал хураалтын дүнг СЕХны төв серверт ирүүлж дууссан байна.
Энэ тухай СЕХ өчигдөр мэдээлэл хийсэн юм. Өмнөх өдөр нь мэдээлэл хийхэд Сүхбаатар, Дорнод гэх мэт таван тойргийн хорооны дүн ирээгүй байсан. Тэгвэл Баян-Өлгийд А.Тлейхан, А.Бакей, Булганд Ё.Отгонбаяр, Дорнодод Н.Номтойбаяр, Б.Болорчулуун, Говь-Алтайд Ц.Дашдорж, Сүхбаатарт М.Зоригт ялсан аж.
Бусад дүн нь хэвээр байв. Мөн АН нийт сонгогчийн 35.32, МАН 31.31, МАХН-МҮАН-ын “Шударга ёс“ эвсэл 22.31, ИЗНН 5.51, “Гуравдагч хүчин” эвсэл 1.37, Монголын ногоон нам 1.33, Эх орон нам 0.8. МУНН 0.58, Иргэний хөдөлгөөний нам 0.56, Эх орончдын нэгдсэн нам 0.3, Монголын социал демократ нам 0.18, Хөгжлийн хөтөлбөр нам 0.18, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 0.15 хувийн санал тус тус авсан байна.
НИТХ-ЫН 30 ТОЙРГИЙН 20-ИЙГ АН АВЧЭЭ
Нийслэлийн сонгуулийн хорооноос өчигдөр мэдээлэл хийж, урьдчилсан дүнг танилцууллаа. НИТХ 45 суудалтай. Үүний 30 төлөөлөгчийг тойргийн системээр, бусдыг нь намын нэрээр авсан саналын дагуу тодруулж буй юм. Урьдчилсан дүнгээр 30 тойргийн 20-д АН ялж, нийслэлийг “гартаа авах” зорилгоо биелүүлжээ. Үлдсэн 10 суудал нь МАН-д ногдсон байна. НИТХ-ын сонгууль энэ жил анх удаа УИХ-ын сонгуультай хамт болсон.
УИХ-ын сонгуулийн далбаан дор бага зэрэг сүр нь дарагдсан ч 517.417 хүн хотын парламентыг сонгоход саналаа өгсөн аж. Эдгээр сонгогчдоос АН-д 35.53, МАН-д 26.15, “Шударга ёс” эвсэлд 22.77, ИЗНН-д 8.02, “Гурав дахь хүчин” эвсэлд 2.53, МУНН-д хоёр, Эх орон намд 0.52, ИХН-д 0.91, Эх орончдын нэгдсэн намд 0.46, МСДН-д 0.21 хувийн санал тус тус өгчээ. “Шударга ёс” эвсэл НИТХ-ын сонгуульд УИХ-ынхтай ойролцоо хувийн санал авсан бол ИЗНН-ыг хотод УИХ-ын сон гуулиас түлхүү хувиар сонгосон байна. Тэгэхээр “Шударга ёс” эвсэл болон ИЗНН НИТХ-д төлөөлөлтэй болж байна гэсэн үг.
Тодруулбал, жагсаалтаар МАН дөрөв, АН зургаа, ИЗНН нэг, “Шударга ёс” эвсэл дөрвөн суудал авах юм. Нийлбэр дүнгээр, АН-26, МАН 14, ИЗНН нэг, “Шударга ёс” эвсэл дөрвөн төлөөлөлтэй болох нь. Улмаар нийслэлийн шинэ Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллах нь тодорхой болж байна. Тойргуудад ялалт байгуулсан нэр дэвшигчдийг намын харьяаллаар саналын хувьтай нь жагсаалаа.
АРДЧИЛСАН НАМ
1. Д.Байдраг -41,39
2. Б.Түвшин – 44,02
3. Ц.Буяндалай – 36,71
4. Ц.Энхцэнгэл- 32,48
5. С.Үнэн – 35,46
6. Б.Отгонбаяр -34,05
7. Ж.Амарсанаа-38,15
8. Д.Бадарсан -36.36
9. С.Очирбат -34.38
10. Т.Бат-Эрдэнэ- 32.45
11. Ц.Баатархүү -31.03
12. Л.Наранбаатар- 31.84
13. Л.Нарантуяа -37.04
14. Д.Оросоо- 38.46
15. Ц.Одонтунгалаг-39.38
16. Ц.Алтанцэцэг -35.71
17. Л.Сайнтөгс-29.42
18. Ш.Одгэрэл – 30.10
19. Т.Болдбаатар-33. 6
20. Д.Энхсайхан-32.08
МОНГОЛ АРДЫН НАМ
21. Б.Энх-Амгалан - 33,85
22. Ц.Сандаг-Очир -45,07
23. С.Амарсайхан-55,97
24. Г.Ганбаяр-37,12
25. Б.Төмөрчулуун- 33.99
26. Б.Баярмагнай -34,90
27. Г.Төмөрбаатар- 35.06
28. Д.Ганболд -32,29
29. Г.Авирмэд – 27.99
30. Р.Дагва – 32,86
С.ТУУЛ