-Сонгинохайрхан “эмзэг” байгаа бол Баянзүрх ялалт, хохирол нэмэхгүй-
Сонгуулийн хуулийн дагуу бол тухайн тойргийн нийт сонгогчийн 28 хувиас багагүй санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын сонгуульд ялсанд тооцох учиртай. Тэгвэл нийт сонгогчийн 28 хувийн саналыг авч чадалгүйгээр “ялсан” хоёр ч хүн байгаа юм. Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг тус бүр гурван мандаттай. Эдгээрийн гурав дахь мандатад дахин сонгууль явуулах хэрэгтэй болоод буй юм.
Сонгинохайрхан дүүрэгт “Шударга ёс” эвслийн Д.Тэрбишдагва 37.19 хувийн санал авч нэгээр гарч ирсэн. АН-ын Л.Эрдэнэчимэг 31.22 хувийн саналаар удаалсан юм. Гуравдугаарт орж ирсэн АН-ын Л.Эрхэмбаяр 26.9 хувийн санал аваад буй. 28 хувийн босгонд хүрээгүй учир гурав дахь мандат дээр дахин “тулаан” болно. Хуульд заасны дагуу уг “тулаан”-д хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тооноос хоёр дахин илүү тооны нэр дэвшигч оролцох учиртай. МАН-ын Д.Сумъяабазар 25.02 хувийн санал авсан учир дахин санал хураахад сонгогчид энэ хоёр эрхмийн аль нэгийг сонгох хэрэгтэй болж байна.
Хэн нь ялснаас АН, МАНын авсан суудлын тоо нэмэгдэх, хасагдах нь шийдэгдэх учир энэ тойрог “эмзэг” байгаа гэсэн үг. Мөн Баянзүрх дүүрэгт АН-ын Ж.Батзандан 33.77 хувиар нэгд жагсаж, Д.Ганхуяг 33.21 хувийн саналаар удаах мандатыг авсан. Гурав дахь мандатад “нэр дэвшиж” буй МАНын Б.Батзориг 24.66, хамраараа тасдуулаад буй Д.Арвин 24.61 хувийн санал авсан. Тэгэхээр 0.05-хан хувийн саналын зөрүүтэй яваа нэг намын хоёр хоорондоо дахин үзэх нь. Хэн ялснаас үл хамаараад МАН-д “хохирол” эсвэл ялалт нэмэхгүй ч хувь улстөрчдийн хувьд чухал санал хураалт болно.
С. УУЛ