УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ албан ёсоор танилцуулсны дараа АН-аас бусад улс төрийн нам хамтран саналын хуудсыг дахин тоолох шаардлага тавьж байгаа билээ. Ингэхдээ тэд “Санал хураалт болохын өмнөх өдөр автомат машиныг нийлүүлсэн АНУ-ын “Dominiong voting” компанийн ажилтан гэх нэг гадаад эр бүх хэсгийн хороогоор явсан. Тэр программ шалгах нэрээр бэлнийг суулгасан байж болзошгүй. АНУ-ын энэ компанийг “Бодь” групп сонгосон.
Уг группийн ард АН байдаг” гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийсэн. Мөн санал тоолох машин “но”-той байсан тухай олон шүүмжлэл гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан “Бодь интернэшнл” группээс мэдэгдэл гаргасан байна. Тэд “Бодь” групп санал тоолох төхөөрөмж, түүний программ хангамж нийлүүлэх аливаа үйл ажиллагаанд огт оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн машинд программ суулгах ажлыг хариуцсан “Интерактив” нь манай охин компани биш. Хэрэв улс төрийн зорилготой, санаатай гүтгэлгээ зогсоохгүй бол хууль хяналтын байгууллагад хандах болно” гэжээ.