Шри Ланка улсын Хиккадово хотноо 6-р сарын 25-наас 7-р сарын 1-нд Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөлөө. Тэмцээн 6 хүртэлх нас, 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны охид, хөвгүүдийн нийт 14 ангиллаар явагдсан юм. Энэ удаагийн тэмцээн блиц /түргэн/, рапид /түргэвчилсэн/, стандарт /сонгодог/ гэсэн гурван төрлөөр явагдлаа.
Манай тамирчид блиц төрлөөс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль, рапид төрлөөс нэг алт, хоёр хүрэл медаль, стандарт төрлөөс нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн юм. Тэмцээний зургаа хүртэлх насны хөвгүүдийн ангилалд оролцсон Е.Төгстөмөр гурван ангилалд бүгдэд нь түрүүлж бахдам амжилт гаргалаа.
Мөн 6 хүртэлх насны охидын ангилалд өрсөлдсөн Г.Энхчимэг хошой мөнгө, нэг хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Мөн 15-16 насны хөвгүүдийн ангилалд Ц.Лхагвасүрэн, 11-12 насны охидын ангилалд Г.Учирал /төрсний гэрчилгээнд ингэж бичдэг/, 9-10 насны хөвгүүдийн ангилалд Э.Баасансүрэн, 9-10 насны охидын ангилалд Б.Оюунсувд нар хүрэл медаль хүртсэн байна. Манай шатарчид 7-р сарын 5-нд эх орондоо ирнэ.