Лондоны олимпийн нээлтийн ёслолд Армений тугийг 83 настай, ЗХУ-ын нэрт гимнастикч асан Альберт Азарян залахаар болжээ. “Манай ҮОХ ХХ зууны Армений шилдэг тамирчныг сонгож авсан нь тохиолдлын хэрэг биш” хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Цагтаа цахилж явсан энэ эр цагаригт дүүжингийн төрөлд өндөр амжилт гаргаж байсан юм. 1952-1962 оны ЗХУ-ын АШТ-д Азарян 11 удаа түрүүлснээс цагаригт наймантаа алтан медаль зүүжээ.
1954, 1958 оны дэлхийн аварга тэрбээр 1956, 1960 оны олимпийн аварга юм. Зодог тайлсныхаа дараа нэрт гимнастикч Ереван дахь гимнастикийн сургуулийг удирдаж, улмаар олон улсын шүүгч болсон. Түүний хүү Эдуард “Москва-80”-ын гимнастикийн багийн төрөлд манлайлсан түүхтэй. Өдгөө Азарян Армений гимнастикийн холбоог тэргүүлдэг аж.
Д.Бекхэм олимпод оролцохгүй
Дэвид Бэкхэмийн хүсэл биелэхгүй нь бололтой. Олимпийн бамбарыг буухиалагч тэрбээр Их Британийн
хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй аж. Эх нутагтаа болох олимпод оролцох найдвар дүүрэн буйгаа удаа дараа илэрхийлсэн түүний мөрөөдөл ийн замхарчээ. Түүнийг өмгөөлөх хүн цөөнгүй буй бөгөөд Английн хөлбөмбөгч асан, BBCгийн хөтлөгч Гэри Линекер “Британийн хөлбөмбөгт гавьяа байгуулсан Бэкс “Лондон-2012”-т оролцох эрхтэй” хэмээн өгүүлжээ.
Өдгөө 37 настай Дэвид төрөлх хотод нь болох олимпийн наадамд хөлбөмбөгийн шигшээ багаа удирдан оролцоно гэдэгт эргэлзэхгүй байсан авч шигшээ багийн менежер Стюарт Пирс түүнийг олимпийн багт багтаагүй хэмээн мэдээлсэн юм. 23-аас дээш насны гурван тоглогчийг Олимпийн шигшээд багтаахыг зөвшөөрдөг. Үүний нэгд Бэкхэмийг орно гэж бодсон ч М.Ричардс, Р.Гиггз, К.Белламн нар багтжээ.
Исинбаева өөртөө итгэлтэй байна
ОХУ-ын алдарт харайгч Елена Исинбаева Лондоны олимпод бэлтгэх хугацаа өөрт нь хангалттай байгаа тухай өгүүлжээ. “Энэ хугацаанд би 90 хувийн бэлтгэл хийсэн. Руан, Монте-Карлод болсон тэмцээнүүдэд ч оролцлоо. Олимпод бэлтгэх хугацаа надад хангалттай байна. “Лондон-2012”-ын бэлтгэл хангах үүднээс Европын АШТийг өнжихөөр шийдсэн юм. Тэгээд ч 30 нас тэмцээн бүхэнд оролцоод байдаг үе биш” хэмээн өгүүлжээ.
Бош олимпийг өнжинө
NBA-гийн аварга “Майами”-гийн довтлогч Крис Бош гэмтлийн улмаас Лондоны олимпийг өнжихөөс өөр аргагүй болжээ. NBA-гийн плей-оффын үеэр авсан бэртэл нь түүнд нөлөөлсөн гэнэ. “Плей- оффт тун хэцүү оролцсон. Одоо надад амралт хэрэгтэй” гэж тоглогч хүүрнэж байна.
Коста Рио-де-Жанейрод...
Бразилийн хөлбөмбөгийн холбоо “Шахтер” клубт илгээсэн албан захидалдаа хагас хамгаалагч Дуглас Костаг олимпийн наадамд шигшээ багтаа оролцох мэдээллийг хүргэжээ. Лондоны олимпод оролцохын тулд тэр Рио-де-Жанейрод байж, шигшээ багтайгаа бэлтгэлд хамрагдах ёстой гэнэ.
М.Фелпс олимпийн эрх авсаар
АНУ-ын нэрт усанд сэлэгч Майкл Фелпс Омах хотноо болсон “Лондон-2012”-ын сонгон шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх уралдааныхаа “виз”-ийг авлаа. Тэрбээр 200 м-ийн холимог сэлэлтэд түрүүлсэн (1.54,84) байна.
Ийнхүү тэрбээр Лондонд 200 м-ийн эрвээхэй сэлэлт, 200, 400 м-ийн холимог, 200 м-ийн өврөөр даллах сэлэлтэд өрсөлдөх болзлоо биелүүлээд буй. Түүнчлэн америк эр гурав дахь олимпдоо 100 м-ийн эрвээхэй сэлэлт болон буухиа уралдаануудад оролцох зорилт тавиад байгаа юм.
Б.ӨГДЭЙ