2008-2012 оны УИХ-ын хаврын чуулганыг сонгууль хүртэл завсарлуулаад байсан билээ. Тэгвэл сонгууль дуусаж, хоёр тойргийн тус бүр нэг мандатаас бусад дээр ялагчид нь тодорч, түрүүчээсээ УИХын гишүүний түр үнэмлэхээ аваад байна. Дараагийн УИХ-ын гишүүд анхдугаар чуулганаа хийж, тангараг өргөтөл өмнөх гишүүдийн бүрэн эрх хэвээр байгаа. Тиймээс тэд одоо дахин нэг удаа Төрийн ордондоо цуглаж, хаалт хийх учиртай. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ш.Содномжамцаас тодруулахад “Одоо УИХ-ын даргын захирамж дахин гарахгүй байх. Сонгуулийн албан ёсны дүнг Ерөнхийлөгчид өргөн барьж, анхдугаар чуулганыг товлосны дараа одоогийн гишүүд цуглаж, хаалтаа хийх болов уу. Анхдугаар чуулган хэзээ хуралдах тов гараагүй учраас энэ тухай нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
ДАХИН САНАЛ ХУРААХ ТОЙРГУУДЫН ДҮНГ ХҮЛЭЭХ ҮҮ
2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Дорнод аймаг, Баянгол дүүрэг дээр дүн эцэслэгдэхгүй, маргаан гарч, тэндээс сонгогдсон гишүүд бараг жилийн дараа бүрэн эрхээ баталгаажуулж байсан түүхтэй. Тухайн үед СЕХ эдгээр тойргийн дүнг орхиод бусдыг нь Ерөнхийлөгчид танилцуулж байсан юм. Энэ удаагийн сонгуулиар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн тус бүр нэг мандат дээр дахин санал хураахаар болсон. Аливаа маргаан гарвал Тойргийн хороо нь санал хурааснаас хойш 14 хоногт багтаан шийдэх хуультай. Тиймээс дахин санал хураалтыг энэ хугацаанд багтаан явуулна. Мөн СЕХ эцсийн дүнгээ наадмын өмнө Ерөнхийлөгчид танилцуулах ёстой юм. Учир нь Сонгуулийн хуульд “Эцсийн дүнг сонгууль дууссанаас хойш 15 хоногт багтаан танилцуулна” гэсэн байна. Хэрэв дээрх хоёр тойрог дээр санал хураах явц удааширвал хүлээх үү, эсвэл 2008 оны туршлагаар тэдгээр тойргийг үлдээгээд дүнгээ өргөн барих уу гэдгээ СЕХ шийдэх учиртай.
ЖАГСААЛТААР НЭР ДЭВШИГЧДЭЭС БУСАД НЬ ТҮР ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАВ
Нийт сонгогчийн 28-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно. Улмаар энэ шаардлагыг хангасан “ялагч”-д Тойргийн хороо нь УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулах юм. Үүний дагуу маргаангүйгээр ялсан нэр дэвшигчид өнгөрсөн баасан гаригаас эхлэн түр үнэмлэхээ авчээ. Харин намын жагсаалтаар УИХ-д орж ирж буй хүмүүс СЕХ сонгуулийн албан ёсны дүнг гаргасны дараа үнэмлэхээ гардах аж.
С.ТУУЛ