Засгийн газрын сайд нарын танхим сонгуулийн түр завсарлагын дараа өчигдрөөс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлжээ. Ерөнхий сайд С.Батболд сонгуулийн “өндөр халуунтай” үед ч Засгийн газраа хуралдуулан ажилласан. Тэрбээр МАН-ын даргын хувьд намынхаа жагсаалтын нэгдүгээрт бичигдэн пропорциональ хувилбараар УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялсан хэдий ч түүний танхимын хоёр сайд “өвдөг шороодлоо”. Засгийн газрын 14 сайдын 10 нь УИХ-ын сонгуульд дэвшсэн бөгөөд долоо нь мажоритар тойрогт, гурав нь пропорционал жагсаалтаар өрсөлдөж, 80 хувийн амжилт үзүүлээд байгаа нь муугүй чансаа билээ. Ерөнхий сайд С.Батболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нар МАН-ын жагсаалтаар дэвшсэнээс гурвуул “улаан шугаманд” багтав. Харин Шадар сайд М.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЭБЭХ-ий сайд Д.Зоригт, Сангийн сайд Д.Хаянхярваа, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар тойрогт дэвшсэнээс Г.Занданшатар, Д.Зоригт хоёроос бусад нь ялсан. Хамтарсан Засгийн газрын буухиаг үргэлжлүүлэх хувилбаруудын дотроос АН+МАН-ын нэгдэл хамгийн магадлал өндөртэйд тооцогдож буй. Засгийн газрын цаашдын хувь заяа шийдэгдэх хүртэл одоогийн сайд нарт амралт, чөлөө олгохгүй ажиллуулах гэнэ.
Л.МИШЭЭЛ