Өчигдөр NBA-гийн солилцоо наймааны цонх албан ёсоор нээгдлээ. Эхний өдөр л дөрвөн багийг хамарсан томд тооцогдох наймаа болж, үүний дүнд Л.Одом төрөлх “Клипперс” багтаа эргэн ирсэн юм. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл нь. Үүнээс хойш бүр ч томоохон шилжилтүүд болох нь гарцаагүй. Учир нь энэ зун олон шилдэг тоглогч чөлөөт агент болж, багаа сольж магадгүй болоод байгаа билээ. Ингээд энэ зуны гол “бараа”-нуудыг танилцуулья.
Дерон Уильямс (Бруклин)
Ирэх улирлаас Бруклинд суурь ших “Нетс”- ийнхэн лидер тоглогчоо үлдээх хү сэлтэй байгаа нь мэдээж. Гэхдээ ингэхийн тулд багаа илүү хү чирхэгжүүлж, Дероны хүслийг гүйцэлдүүлэх ёстой. Тэд Дуайт Ховардыг их сонирхож байгаа бөгөөд авчихвал Дерон үлдэх нь гарцаагүй.
Хэрвээ энэ наймаа бүтэлгүйтвэл тэрбээр “Даллас”-т очиж магадгүй байна. Ж.Кидд зодог тайлах дөхсөн болохоор “Маверикс” түүнийг уургалж, Новицкигийн хамтаар хүчтэй хослол үүсгэх санаатай байгаа юм.
Тим Данкан (Сан-Антонио)
Тим аль хэдийнэ “Спэрс бол миний амьдрал” гэж мэдэгдсэн. Тиймээс багтаа үлдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй байх. Харин хэдий хэрийн хугацаатай, ямар өртөгтэй гэрээ байгуулах бол гэдэгт олны анхаарал төвлөрч байна. Саяхан К.Гарнетт “Бостон”-той байгуулсан гэрээгээ сунгаж, гурван жилд 34 саяыг авахаар болсон. Гэхдээ Данканы хувьд багтаа аваргын дөрвөн цом авчирсан домогт тоглогч болохоор гэрээний үнэ үүнээс өндөр байх болов уу.
Стив Нэш (Финикс)
Канад холбогч улирлын дараа Нью-Йорк хотноо амьдрах болсон нь энэ хотын “Никс”, “Нетс” гэсэн хоёр багийн аль нэгэнд очиж магадгүй гэсэн хар төрүүлсэн. Стив өөрөө ч “Никс”-т очихоос буцахгүй гэсэн утгатай зүйл ярьж байв. Түүнчлэн “Торонто”, “Даллас” багууд ахмад холбогчийг сонирхоод эхэлжээ. “Маверикс” хэрвээ Дероныг авах санаархал нь бүтэлгүйтвэл Новицкигийн сайн найз Нэшийг урих бодолтой байгаа аж.
Рой Хибберт (Индиана)
“Пэйсерс” яг одоогоор Хиббертэд их цалин олгох боломжгүй байгаа. Энэ тохиолдолд Бүх оддын тоглолтод оролцсон төвийн тоглогчоо өөр багт алдаж магадгүй. Нуруулаг, залуухан төвийн тоглогчийг элсүүлэх сонирхолтой баг захаас аваад олдох нь мэдээж.
Эрик Гордон (Нью-Орлеан)
“Хорнетс” драфтаас авьяаслаг холбогч Остин Риверсийг элсүүлсэн болохоор цалин ихтэй Гордоныг үлдээх гэж нэг их хүчлэхгүй байх. Багаа сайжруулахыг хүссэн нэгэнд энэ нь сайхан боломж юм. Гордон энэ долоо хоногт “Индиана”, “Хьюстон”, “Финикс” багуудад зочилж, яриа хэлэлцээр өрнүүлэх тов гарчээ. Мөн “Портлэнд”, “Шарлотт”, “Даллас” багууд түүнийг сонирхогчдын эгнээнд бичигдэж байна. Эрик олимпод оролцох Америкийн багийн бүрэлдэхүүнд багтсан тул шигшээгийн бэлтгэлийн бааз нээгдэхээс өмнө асуудлыг шийдэх хүсэлтэй. Тиймээс ойрын үед аль багт очихоо шийдэх биз ээ.
Брук Лопес (Бруклин)
“Бруклин Нетс” түүнийг Д.Ховардын солилцоонд хавчуулахыг чармайж буй. Горан Драгич (Хьюстон) “Рокитс” залуу холбогчийг үлдээх сонирхолтой байгаа. Гэхдээ ингэхийн тулд багагүй мөнгө зарцуулна. Дээр нь өөр нэг холбогч Кайл Лоуритай гэрээний асуудалтай байгаа нь тэдний толгойны өвчин болжээ. Кайлын хувьд хэрвээ Драгич үлдвэл өөрийг нь зарахыг шаардаж байгаа. Тиймээс дасгалжуулагчийн өмнө энэ хоёр холбогчийнхоо хэнийг сонгох вэ гэсэн хүнд асуудал тулгарлаа. Словен холбогчийг “Торонто”, “Даллас”, “Нью-Орлеан”, “Финикс” багууд сонирхож байгаа аж. Жамер Нельсон (Орландо) Жамер “Мэжик”-ээс багагүй цалин авдаг боловч түүндээ тохирсон тоглолтыг үзүүлдэггүй. Тиймээс баг нь түүнийг явуулж, өөр залуу холбогч авахыг илүүд үзэж болох юм.
Ө.Жи Майо (Мемфис)
“Бруклин”, “Бостон”, “Финикс”, “Индиана”, “Портлэнд” багууд түүнийг авах хүсэлтэй байгаа. “Селтикс” өнгөрсөн жил түүнийг Рей Алленаар солих санал хүртэл гаргаж байв. Гэхдээ Майо хязгаарлагдмал чөлөөт агент тул баг нь өөр багийн санал болгосныг амлаад л үлдээх эрхтэй.
Чонси Биллапс (Клипперс)
Ахмад хамгаалагч Биллапс багтаа үлдэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ өөр багаас ашигтай санал ирвэл “Клипперс” явуулж ч магадгүй. Түүнийг “Хьюстон”, “Чикаго”, “Портлэнд”, “Филадельфи” эргүүлдэж байгаа сурагтай. Эрсан Ильясова (Милуоки) Турк залуу Бүх оддын тоглолтоос хойш дунджаар 16.1 оноо, 9.1 самбар авсан. Энэ үзүүлэлт ямар ч багийн анхаарлыг татахаас аргагүй. Одоогоор “Бруклин”, “Кливленд”, “Торонто”, “Филадельфи” багуудын нэр наймаанд холбогдоод байна.
Жамал Кроуфорд (Портлэнд)
“Клипперс”, “Миннесота”, “Сакраменто”, “Даллас” багууд бол туршлагатай хамгаалагчийг сонирхогчид. Жереми Лин (Нью-Йорк) Тайвань залуу энэ багт тодрон гарснаар “Никс” маш их ашиг олсон. Тиймээс санхүүгийн эх үүсвэр болсон тоглогчоо алдахыг хүсэхгүй биз ээ.
Андре Миллер (Денвер)
Д.Уильямс, С.Нэшийн хувь заяаны дараа түүний наймаа яригдаж эхлэх байх. Дээрх хоёр холбогчийг авч чадаагүй багуудын хувьд Андре нөөц хувилбар нь юм.
Жейсон Кидд (Даллас)
“Никс”, “Нетс” багууд ахмад холбогчийг маш их сонирхож байгаа. “Даллас”-ын хувьд өөр холбогчдыг идэвхтэй хайж байгаа нь түүнтэй байгуулсан гэрээгээ сунгахгүй байж магадгүй гэсэн бодлыг төрүүлэх болов.
Омер Ашик (Чикаго)
“Буллз” шинэ гэрээ санал болгосноос гадна “Хьюстон”, “Портлэнд”, “Филадельфи” багууд авахыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Турк залуу одоо ямар шийдвэр гаргахаа өөрөө мэднэ.
Рей Аллен (Бостон)
“Майами”, “Нью-Йорк”, “Финикс” багууд холын зайн мэргэн буучийн төлөө тэмцэл өрнүүлж буй. Гэхдээ “Санс” нөгөө хоёроосоо илүү өндөр цалин амлаж чадахаараа давуу талтай юм. Мөн “Санс”- ын ерөнхийлөгч Л.Бэбби өмнө нь Аллений агент байсан нь тэдэнд найдлага төрүүлж байна.
Брэндон Рой
Брэндон өнгөрсөн арванхоёрдугаар сард өвдөгний гэмтлийн улмаас зодог тайлсан. Гэхдээ гэмтэл нь эдгэрэхийн хэрээр NBA-д эргэн ирэх талаар бодох болжээ. Хэрвээ ирвэл төрөлх “Портлэнд”-оо сонгох магадлал өндөр. Гэхдээ “Миннесота”, “Даллас”, “Чикаго”, “Индиана” багууд ч зүгээр хараад суухгүй гэдгээ мэдэгджээ.
Б.ТЭМҮҮЛЭН