Монгол Улс ОХУ-ын бүрэлдэхүүнд 2014 онд багтах гэж буй талаар тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн тухай “Фогньюс”, “Новолитика” зэрэг цахим хуудсанд мэдээлсэн байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн билээ. Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко энэ талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Юуны өмнө цахим хуудсанд гарсан уг мэдээлэл нь хүн үнэмшихийн аргагүй бөгөөд ямар ч ор үндэслэлгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсыг бүрэлдэхүүн улс болох гэж буй гэсэн мэдээлэл огт хийгээгүйг тэрбээр хариуцлагатайгаар мэдэгд лээ. Харин чухам ямар санаагаар ийм мэдээлэл цацсаныг мэдэхгүй байгаа бөгөөд энэ мэдээллийг Монголын хэвлэлүүд нийтэлсэнд харамсаж байгаагаа илэрхийлэв.
Түүний мэдэгдсэнээр “Фогньюс.ру” хэмээх цахим хуудас нь энэ оны нэг дүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Цахим хуудасны домэйн нь ОХУ-д бүртгэлтэй ч тус улсад байршдаггүй гэнэ. Зөвхөн Монголын талаар ч бус, өмнө нь ямар ч эх сурвалжгүй, үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг удаа дараа цацаж, хуулийн байгууллагад хэд хэдэн удаа дуудагдаж байсан байна. Харамсалтай нь ОХУ-д ямар ч хаяггүй учраас ямар нэгэн арга хэмжээ авах хууль эрх зүйн боломжгүй ажээ. “ОХУ бол Монгол Улстай олон жил найрсаг харилцаатай байсаар ирсэн. Хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжиж буй. Манай улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалахад нэг бус удаа үүрэг гүйцэтгэж байсан. Ямар ч эрүүл ухаанаар бодсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд ийм мэдээлэл хийхгүй гэдэг нь ойлгомжтой” хэмээн В.В.Самойленко хэлэв.
“Фогньюс” цахим хуудсанд өнгөрсөн сарын 29-нд гарсан мэдээлэлд “2014 оноос Монгол Улс автономит бүгд найрамдах улсын эрхтэйгээр Холбоот Оросын бүрэлдэхүүнд орох нь. Визийн дэглэмээ өөрчилж, ОросМонголын эдийн засгийн харилцаа ойртон нягтарсан нь үүний урьтал нөхцөл бол сон. Холбогдох хэлэлцээрт Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Цахиагийн Элбэгдорж нар бүр 2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд гарын үсэг зурсан бөгөөд дөнгөж өчигдөр Оросын Холбооны зөвлөл, улмаар Ерөнхийлөгч Владимир Путин соёрхон баталлаа. “Ийнхүү нэгдэх нь Оросын хувьд маргаангүй ашигтай” хэмээн Лавров дээрх шийдвэрийг то дорхойлов” хэмээсэн байсан юм.
“Энэ мэдээлэл Монголд болсон УИХ-ын сонгуулийн дараа цацагдсан нь ямар нэгэн улс төрийн зорилготой байж болох юм. “Фогньюс” цахим хуудас ямар улсад байршдагийг бид мэдсэн. Гэхдээ үүнийг хэлэх шаардлагаг үй болов уу. Тус цахим хуудасны эзэд чухам ямар санаагаар ийм мэдээлэл гаргасан нь тодорхойгүй байна” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн. Гэхдээ улс төрийн гэхээс илүүтэй цахим хуудасны хандалтаа нэмэгдүүлэх гэсэн увайгүй оролдлого гэж Элчин сайд үзэж байгаа юм байна.
Р.ОЮУНЦЭЦЭГ