АНУ-аас Монголд суух дараагийн Элчин сайдад Пайпер Энн Уинд Кэмпбелл хэмээх бүсгүйг нэр дэвшүүлж буйгаа Цагаан ордны тэргүүн Барак Обама өнгөрсөн хавар мэдэгдсэн юм. Конгрессийн дээд танхим-Сенатын зургаадугаар сарын 29-ний хуралдаанаар хатагтай Кэмпбеллийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэн баталжээ.
Жил бүрийн долоодугаар сарын 4-нд тэмдэглэдэг улсынхаа Тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн Пайпер Кэмпбелл талын Монголд эх орноо төлөөлөх топ дипломатчийн томилолт ийнхүү өвөртлөв. Бас энэ онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй.
Гадаад харилцааны салбарт 22 жил ажилласан энэ эрхэм Нью-Йорк муж улсын Баффало хотын уугуул аж. 1966 онд төрсөн. Түүний аав Дэвид Кэмпбелл нь барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны “Gibraltar Industries” компанийн захирлаар олон жил ажилласан. “Дунд сургуульд байхдаа Японд сурагч солилцооны зуны хөтөлбөрөөр очсон минь дипломатын салбартай ирээдүйн амьдралаа холбох эхлэлийг тавьсан” хэмээн П.Кэмпбелл нэгэнтээ өгүүлсэн нь бий. Жоржтауны их сургуулийг 1988 онд Ази судлалын бакалавраар төгсөн, арав гаруйхан жилийн дараа Харвардын их сургуульд төрийн захиргааны удирдлагын мастер цол хамгаалсан байна.
Нью-Йорк, Канадын хооронд худалдаа эрхэлдэг байгууллагад зурвасхан ажиллаад, 1989 оноос Төрийн департментад “данстай” болсон. Энэ хугацаанд Филиппин, Бельги, Хорват, Швейцарь, Кам божид дипломат албанд зүтгэн, хамгийн сүүлд 2011 оны долоодугаар сараас Иракийн Басра хотод Ерөнхий консулаар томилогдон ажиллажээ.
Хатагтай Кэмпбелл манай улсад суух Элчин сайдад нэр дэвшээд, Сенатын Гадаад харилцааны хороонд хэлсэн үгэндээ “Хэрэв энэхүү албанд томилогдвол Америк, Монголын хооронд тогтоосон сайн хөршийн, найрамдалт харилцааг улам бэхжүүлэхийн төлөө хичээж ажиллана” гэж онцлон тэмдэглэжээ. Мөн хөрсөн дорх эрднээрээ гад нын бизнес эрхлэгчдийг даллан, хөгжлийн хүрд нь хурдаа авч эхэлсэн Монголтой зөвхөн эрдэс баялаг гэлтгүй бусад салбарт ч ажил хэрэгч холбоогоо бэхжүүлэх бодлого барихаа илэрхийлсэн байна. Хэдийвээр Ирак, Монгол хоорондоо эрс ялгаатай ч Иракийн өмнөд хэсгийн газрын тосны салбарт хуримтлуулсан туршлага нь Монголын нөхцөлийг илүү гүнзгий ойлгож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэж П.Кэмпбелл найдаж байна. Үнэхээр ч олон улсын харилцааны талбарт зөрчил мөргөлдөөний асуудалд илүүтэй төвлөрч ажилласан он жилүүд нь түүнд баргийн асуудлын голыг олчих хат суулгасан нь лавтай.
П.Кэмпбелл Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигч дэд сүүлийн жилүүдэд 3200 ам.доллар хандивлажээ. Тухайлбал, 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид нь зориулж, Б.Обамад 1000 доллар хандивласан тухай OpenSecrets.org сайтад бичжээ. Тэрбээр гүйлтийн спортоор идэвхтэй хичээллэдэг төдийгүй гурван тивд энэ төрлөөр марафонд оролцож байсан туршлагатай гэнэ. Томилолтын хугацаа нь дуусч буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эддлтон наадмын дараа нутгаа зорих сурагтай. Тэрбээр 2009 оны арваннэгдүгээр сард Монголд ажиллахаар ирсэн юм.
Х.ЭНХ