-Хөдөлмөрийн болон Хууль зүйн яамыг тусад нь байгуулна-
УИХ-д хамгийн олон суудал авсан намын дарга хэнтэй хамтарч Засгийн газраа байгуулах тухайд ийм хариулт өгөв. АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, гишүүн З.Энхболд нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Хоёр жил орчмын турш орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, ард түмний санал дээр тулгуурлан боловсруулсан “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрийг бүх талаар дэмжих ёстой тэр нам нь МАН, эсвэл “Шударга ёс” эвслийн аль нь байхыг одоо хэлэхэд эрт гэж тэд үзжээ.
СЕХ-ноос сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барьж, шинэ УИХ-ын бүрэн эрх хан гагдсаны дараа тэд ам нээх гэнэ. Сонгогчдын бүртгэлийг шинэчилж, хурууны хээн дээр тулгуурлан мэдээллийг тулгасан, саналын хуудсыг тусгай машинаар тоолсон гэх мэтээр энэ сонгуульд дэвшил олон байсныг АН-ын дарга онцолсон. Хэдий тийм ч Увс, Орхон, Өвөрхангай зэрэг аймагт сонгогчдын саналыг худалдан авах ажиллагаа өрнөсөн учир цаашид хуулийн байгууллага шалгах байх гэлээ. Тэрбээр “Анх удаа Монгол Улс ардчилсан Засгийн газар, УИХ-тай байх боломж бүрдлээ.
Бидэнд 40 гаруй суудал авах боломж байсан ч урьдчилсан дүнгээр 32-33 суудал аваад байна. УИХ-д хамгийн олон суу дал авч, НИТХ-д АН яллаа. Улаанбаатарыг өөрчлөх цаг болсон. Бидэнд итгэл хүлээлгэж олуулаа болгосон нийт гишүүн дэмжигч, сонгогчдодоо баярлалаа. АН ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж байна. Бид сонгуулийн кампанит ажлын үеэр шударга ёсны нар мандах ёстой, хүн шиг амьдарч, улс шиг хөгжье гэж зүгээр нэг яриагүй. Одоо АН юуны өмнө мөрийн хөтөлбөртөө тусгасан “Ажилтай орлоготой монгол хүн байх” боломжийг хангахын тулд Хөдөлмөрийн яамыг байгуулна. Мөн авлига, хээл хахууль, шударга бус явдалтай тэмцэхийн тулд ХЗДХЯ-наас Хууль зүйн яамыг салган байгуулах болно” гэв. Тэд томоохон бүтээн байгуулалтын эх үүсвэрийг хуримтлуулсан Хөгжлийн банкнаас иргэдэд 330 мянган төгрөг бэлнээр тарааж буйгаа зогсоохыг МАН-д сануулсан юм.
Мөн сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш төрийн зарим байгууллага томилгоо хийсэн, тендер зарсан явдал гарчээ. “МАН ялагдсан бол тахимаа шударгаар өгөөд хууль бус зүйл бүү хийгээч. Иймэрхүү зүйл чинь урт наслахгүй” гэв. Тэднээс зарим зүйл тодрууллаа.
-Хууль зүйн болон Хөдөлм өрийн яамыг салгаж байгуулахаар яамны тоо, зардал яаж нэмэгдэх вэ. Мөн танай нам дэд сайд байх хэрэггүй гэж байсан. Шинэ Засгийн газарт дэд сайдын орон тоо байх уу?
Н.Алтанхуяг: -Яамны тоо нэгээр л нэмэгдэх байх. Бид одоогийн бүтцийг илүү тодорхой болгож байгаа юм. Хуулиар дэд сайдтай байна гэсэн шүү дээ. Бид өөр хүчинтэй хамтарч Засгийн газраа байгуулах нөхцөл үүссэн, энэ мэт асуудлыг тооцно.
-Хөгжлийн банкны ТУЗийн дарга ажлаасаа огцорсон нь бүтээн байгуулалтад зарцуулах мөнгийг бэлнээр тараасантай холбоотой юу?
Ч.Сайханбилэг: -Тэр хүн ямар учраас огцорч буйгаа хэвлэлээр мэдэгдсэн байна лээ. Төмөр зам барих мөнгийг өөр зориулалтаар тараасан шүү дээ. Тэгээд ч энэ ажил эцэслэгдээгүй байна. Шинэ Засгийн газар үүнийг хуулийн хүрээнд хийх болно.
-Аль намтай эвсэх тухай удирдлагын түвшинд ярьж эхэлсэн юм байна уу?
-Одоохондоо энэ тухай яриагүй байна. Зарим хэвлэлд “АН-ын гишүүд хэнтэй эвсэх тухайд байр суурь нь зөрчилдөж, дотроо хагаралдаж байна” гэжээ. Тийм зүйл байхгүй. Түүхэн үр дүн гарсан байхад АН одоо ажил хийх тухай л бодохоос албан тушаал хувааж алалцах тухай санах ч үгүй байгаа.
С.ТУУЛ