Намын жагсаалтад багтаж, нийт сонгогчоос авсан саналын хувийн дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон АН, МАН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын нэр дэвшигчид өчигдөр түр үнэмлэхээ гардлаа. УИХын сонгуульд АН нийт сонгогчийн 35.32, МАН 31.31, “Шударга ёс” эвсэл 22.31, ИЗНН 5.51 хувийн санал авсан.
СЕХ таваас доошгүй хувийн санал авсан нам, эвслийн саналыг хувиар нь дараалалд оруулж, босго даваагүй намуудын саналыг тэдгээрт нэмж тэнцүү хуваарилснаар УИХ-д хэдэн хүн сонгогдох тоог нь гаргасан юм. Үүний дагуу АН-аас Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг нарын эхний 10 хүн УИХ-ын гишүүн болж байна.
МАН-аас С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, С.Содбаатар, Ж.Энхбаяр, “Шударга ёс” эвслээс Ч.Улаан, Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар, ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл нар УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авлаа.
С.УУЛ