Монголын Хэвлэлийн хүрээлэн радио, сонинуудын сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийсэн дүнгээ танилцууллаа. Судалгаанд МҮОНР, өдөр тутмын “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, Үндэсний шуудан”, “Өглөөний сонин”, “Ар дын эрх”, “Нийгмийн толь” болон долоон хоног тутмын “Хүмүүс”, “Сэрүүлэг”, “Маш нууц” зэрэг сонин хамрагдсан байна. Энэ оны хоёрдугаар сарын 26-аас зургаадугаар сарын 6-нд МҮОНР-гийн 357 цагийн нэвтрүүлэгт ажиглалт хийхэд эфирийн нийт цагийнхаа есөн хувийг сонгуульд зориулсан байжээ.
Мэдээллийн хөтөлбөрийн дөрвөн хувь нь сонгуультай холбоотой байсан аж. Энэ нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үетэй харьцуулахад гурван хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Сонгуультай холбоотой нийт мэдээллийн 46 хувь нь сонгуулийн сурталчилгаа байжээ. Харин далд сурталчилгаа 5.6 хувьтай байсан байна. МҮОНР нь бүх нам, эвсэл, нэр дэвшигчдэд харьцангуй тэнцвэртэй байсан бөгөөд сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг хангалттай хэмжээнд цацжээ.
Өдөр тутмын сонинууд нийт мэдээллийнхээ 22.6 хувийг сонгуульд зарцуулсан бөгөөд 54.5 хувь нь сонгуулийн сурталчилгаа, 45.5 хувь нь бусад мэдээлэл байжээ. Сонгуулийн сурталчилгааны 47.4 хувийг МАН, 28.6 хувийг АН, 10.8 хувийг МАХН-МҮАН, 7.5 хувийг ИЗНН, 5.7 хувийг бусад нам эзэлсэн байна. Дээрх сонинуудын 66.6 хувь нь ил, 33.4 хувь далд сурталчилгаа хийжээ. МАН далд сурталчилгааг хамгийн их буюу 43.5 хувийг хийсэн бол АН 40.1 хувь, МАХН 13.7 хувь , ИЗНН 1.5 хувь, бусад нь 1.2 хувийг эзэлжээ. Мэдээллийн хандлага сонин тус бүрд өөр байв. “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Маш нууц” сонин харьцангуй тэнцвэртэй мэдээлэл түгээсэн бол “Өглөөний сонин”, “Үндэсний шуудан”, “Хүмүүс” сонин нийтлэлийнхээ 75-аас дээш хувийг МАН-д зориулжээ.
“Зууны мэдээ”, “Ардын эрх” сонин АН-ыг дэмжсэн нийтлэл түлхүү гаргасан бол “Хүмүүс”, “Үндэсний шуудан” АН-ын эсрэг байр суурь баримталсан байна. “Зууны мэдээ” сонинд гарсан МАХН-МҮАН-ын эвслийн талаарх нийтлэлийн 98 хувь нь эерэг байхад “Нийгмийн толь” сонины энэ эвслийн талаарх нийтлэлийн 80 хувь нь сөрөг гэсэн дүн гарчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тодорхой нам, хүчинд үйлчлэх хандлага байсаар байгаа нь судалгааны явцад ажиглагдсан байна.
Н.УЯНГА