Олимпийн нээлтийн сюрприз эхнээсээ задарсаар байна. Тухайлбал домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжмийн зохиолч Пол Маккартни нээлтийн үеэр өөрийн зохиосон “Hey Jude” дуулах аж.
Маккартни 1968 онд энэхүү дуугаа Нон Ленноны хүүд зориулан зохиосон юм. Дашрамд сонирхуулахад нээлтийн ажиллагаа Английн нэрт кино найруулагч Дэнни Бойлын зохиосон сценариар явагдах юм.
Азербайжанчууд олимпийн аваргадаа 509 мянган доллар амлав
Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев Лондоны олимпоос медаль авсан тамирчдад олгох мөнгөн шагналын хэмжээг баталлаа. Хэрвээ тус улсын тамирчид Лондоны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлбэл 400 мянган манат (ойролцоогоор 509 мянган доллар)-ын урамшуулал авах аж. Харин тухайн тамирчны дасгалжуулагч 200 мянган манатын шагнал авах аж. Түүнчлэн мөнгө, хүрэл медалийн эзэд 200, 100 мянган манатаар шагнуулах юм. Лондоны олимпод азербайжанчууд спортын 16 төрөлд 53 тамирчинтай оролцоно. Тэд Бээжингийн олимпоос нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.
Ноа олимпод оролцохгүй
“Чикаго”-гийн төвийн тоглогч Жоаким Ноа олимпийн наадамд Францын шигшээ багт тусалж чадахгүй болсноо мэдэгджээ. “Би бэлэн болоогүй байна. Гүйж, үсрэхэд бэлэн биш учир олимпод оролцож чадахгүй нь” хэмээн Ноа ярьжээ. Тэр плей-оффын эхний шатанд “Филадельфи”-тай тоглох үеэр гэмтэл авч, тэр нь одоо болтол гүйцэд эдгээгүй юм.
АНУ 2022 оны олимпийн төлөө өрсөлдөхгүй
Америкчууд 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ. Тус улсын ҮОХ мягмар гаригт дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин америкчууд 2024 оны зуны, 2026 оны өвлийн олимпийг зохион байгуулахын төлөө нэрээ дэвшүүлэх аж. Тус улс хамгийн сүүлд 10 жилийн өмнө өвлийн олимпийг зохион байгуулсан. Мөн 1996 онд өвлийн олимпийг хийж байв. Тэд 2012 оны олимпийн төлөө Нью-Йорк хотоо өрсөлдүүлсэн ч Лондонд ялагдсан. Мөн 2016 оны төлөө Чикагог зүтгүүлээд санал асуулгын сүүлийн байрт орсон юм.
Олимпийн медалийг “Tower of London”-д хадгална
Лондоны олимп болон паралимпийн медалиудыг эздэд нь хүргэхээс өмнө “Tower of London” шилтгээнд хадгалахаар болжээ. “Олимпийн наадам аюулгүй байдлын дор явагдах ёстой. Олимпийн медалиудаа харж, хамгаалах нь үүний нэг хэсэг.
Тиймээс бид шагнал гардуулах ёслолоос өмнө медалиудыг тэнд хадгалахаар шийдсэн” хэмээн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Коу өгүүлжээ. Темза мөрний эрэг дээр орших 1066 онд байгуулагдсан энэхүү шилтгээн нэг үе шорон, амьтны хүрээлэн, эзэн хааны зэвсгийн агуулах зэрэг олон зүйлээр ашиглагдаж байв.
Харин одоо шилтгээнийг музей, Британийн эзэн хааны зэвсэг хадгалах өрөө зэргээр ашигладаг аж.
Б.ЭНХЖИН