УИХ-ын хаврын чуулганыг өчигдөр өглөө 11,00 цагт хаах зар тарсан байлаа. 2008-2012 онд төр түшсэн 76 эрхмээс дараагийн УИХ-д 37 нь улирч буй юм. Сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан АН-ын гишүүд эхлээд чуулганы танхимд цуглав. Араас нь МАХН-ын Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, ИЗНН-ын С.Оюун орж ирсэн. Дараагийн УИХ-д багтаж чадаагүй Р.Буд зэрэг МАН-ын ганц нэг гишүүн чуулганыг эс тооцвол тус намын гишүүн орж ирсэнгүй. АН болон бусад намын гишүүд олонхийн бүлгийнхнийг цаг гаруй хүлээсний эцэст 15,00 цаг болтол чуулганы хаалтыг хойшлуулахаар тарцгаасан.УИХ-ын дарга нь ч орж ирсэнгүй. Энэ талаар АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Түүхэнд анх удаа чуулганы хаалтын ажиллагааг бойкотлох нь. МАН-ын гишүүд орж ирсэнгүй. Гэхдээ тэд чуулган хаах ажиллагаанд саад болохгүй гэж бид итгэж байгаа учраас 15,00 цагт дахин цуглана. Яагаад чуулгандаа орж ирэхгүй байгаа талаараа МАН-ынхан ямар нэг тайлбар өгөөгүй. 15,00 цаг болтол бид энэ талаар нь тэднээс лавлана” гэсэн юм.
Үдээс хойш “УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана” гэсэн зар тарлаа. Тэд цаг үеийн асуудлаар хуралдсан аж. Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин 17.00 цагт сэтгүүлчдэд “УИХ-ын хаалтын болон Анхдугаар чуулганд МАН оролцох боломжгүй” хэмээн мэдэгдэв. УИХын Анхдугаар чуулганыг 57-гоос дээш гишүүний ирцтэйгээр хуралдуулдаг. Тиймээс МАН оролцохгүй бол 2008- 2012 оны УИХ хаалтаа хийж, одоогийн гишүүдийн бүрэн эрх дуусахгүй. Мөн дараагийн шинэ гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулах ажил гацах юм. “УИХ-д сонгогдсонд тооцож түр үнэмлэхээ авсан манай таван нэр дэвшигчийн нэрийг СЕХ Ерөнхийлөгчид айлтгахгүй гэж үзсэн байна. Орхонд О.Содбилэг, Увсад Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Өвөрхангайд С.Чинзориг, Н.Төмөрхүү нар илт ялалт байгуулсан учир Тойргийн хороо нь бүртгээд түр үнэмлэх өгчихсөн. Эднээс С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг хууль зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан, бусад дээр нь прокурор дээр хэрэг үүсгээд шалгаж байгаа гэсэн бичгийг СЕХ-нд өгсөн гэсэн. Өвөрхангайн хэргийг яахаараа нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх шийддэг юм бэ. Харьяалал буруу, тэгээд ч дараа дараагийн шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад эрхийг нь хасаж болохгүй. Прокурор хэрэг үүсгээд шалгаж байгаа гэдэг нь шүүхээс буруутайг тогтоосон гэсэн үг биш. Гэхдээ СЕХ Өвөрхангайн хоёроос бусдынх нь нэрийг өргөн барьсан байна. Манай намын нэр дэвшигчдийн зүгээс АН-ынханны хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулж, 20 гаруй гомдлыг шат шатны байгууллагад гаргасан. Гэвч манай гомдлыг хэлэлцэхгүй, нэг нэг рүүгээ түлхэж удааж буй атал АН-ынхыг хурдан шийдэж байна. Хэт нэг талыг баримталсан, шударга бус үйлдэл” гэлээ. Энэ бүхнээс үндэслээд Өвөрхангайгаас сонгогдсон хоёр нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барих, Архангай, Хэнтий, Орхон, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт саналын хуудсыг гараар тоолох ёстой гэсэн шаардлагыг МАН тавьж буй юм байна. Мөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн тус бүр нэг мандатад энэ бүтэн сайнд дахин санал тоолох байсан. Үүнийг СЕХ “Техникийн бэлтгэл хангах хэрэгтэй” гэсэн үндэслэлээр намар хийхээр болсныг ч буруушаав. Үүнийг хойшлуулалгүй, яаралтай явуулах ёстой гэлээ. Сэтгүүлчид түүнээс зарим зүйл лавлалаа.
-2008 онд хоёр тойрогт маргаан гарсан ч УИХ-ын Анхдугаар чуулганыг хийсэн. Тэр хоёр тойргийн асуудлыг дараа нь шийдсэн шүү дээ. Ийм жишгээр явж болохгүй юм уу. Төрийн ажлыг гацаах хэрэг байна уу?
-Тэр бол өөр тохиолдол. 2008 онд тэдгээр нэр дэвшигч түр үнэмлэхээ аваагүй байсан. Гэтэл энэ бол УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, түр үнэмлэхийг нь өгчихсөн хойно болж байгаа учраас адилтгаж үзэх боломжгүй. Шу дарга бус байна, хууль зөрчлөө. Тэгчихээд Засгийн газраа байгуулна гэх юм.
-Сонгуулийн хуулиар сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Гэтэл Увс, Өвөрхангайд нэр дэвшсэн танай хүмүүс мөнгө, хүнсний зүйл тараасан бичлэг нь байна. УИХ дахь МАН-ын бүлэг хууль зөрчсөн гишүүдээ яагаад өмгөөлөөд байна вэ?
-Нэг л шатны шүүхээс гаргасан шийдвэ рийг СЕХ үндэслэсэн. Бидний гомдлыг адилхан шалгахыг шаардаж байна.