Дэлхийн шатрын холбооны олон улсын мастер А.Энхтуул Зүүн Ази болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Шри-Ланк улсад өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 1-нд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд нийт 18 тамирчин өрсөлдсөнөөс тэрбээр IV байр эзэлжээ. Харин түргэн тоглолтын эрэгтэйчүүдийн ангилалд эмэгтэйчүүдээс ганцаараа оролцож, Вьетнам, Энэтхэгийн хоёр, гуравдугаар байрт шалгарсан тамирчидтай оноо тэнцэж, коэффициентийн зөрүүгээр IV байр эзэлсэн байна.
“Вьетнамд болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод тэндээсээ шууд Шри-Ланк явсан. Хол зам туулсан болохоор замдаа жаахан ядарсан. Мөн эдийн засгийн асуудлаас болоод дасгалжуулагчаа авч явж чадаагүй зэрэг нь миний амжилтад бага зэрэг нөлөөлсөн. Хэрвээ би хоёр өргөөс хагас хожил авсан бол медаль хүртэх бүрэн боломжтой байсан” хэмээн А.Энхтуул ярилаа. Тэрбээр Зүүн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс түргэн тоглолтын 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн юм.
Д.Дайрийжав